Чихрийн шижин хэв шинж 2 өвчний үе дэх хэвтүүлэн эмчлүүлэх эмчилгээний зардлын тооцоолол
Түлхүүр үг:
Чихрийн шижин, Дундаж өртөг, Шууд зардал, Шууд бус зардалХураангуй
Үндэслэл: 2021 оны байдлаар дэлхий дахинд 10 хүн тутмын 1 нь буюу 537 сая насанд хүрэгчид (20-79 нас) ЧШ өвчтэй амьдарч байгаа бөгөөд энэ тоо 2030 он гэхэд 643 сая, 2045 он гэхэд 783 сая болж өсөх төлөвтэй байна. Уг өвчний улмаас 2021 онд 6.7 сая хүн нас барсан буюу 5 секунд тутамд 1 хүн нас барсан гэсэн тооцоолол гарчээ. Манай улсад 2021 оны байдлаар ЧШХШ 2 өвчний эрт илрүүлгийн үзлэгт нийт 800 мянган хүн хамрагдсан нь хамрагдвал зохих хүн амын 76 хувийг эзэлж байна. Манай орны хувьд ЧШХШ 2 өвчний үед гарах эрүүл мэндийн зардал үүн дотроо ретинопатийн үеийн эмчилгээний болон бусад эрүүл мэндийн зардлын судалгаа хязгаарлагдмал байгаа нь уг судалгааг хийх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Зорилго: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээний зардал тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг тооцох зардлыг дээрээс доош хуваарилах болон зардлыг доороос дээш хуваарилах аргыг хослуулан хэрэглэсэн. Судалгаанд дүүрэг, аймаг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, лавлагаа шатлалын эмнэлгүүдээс тус бүр нэг байгууллагыг төлөөлөл болгон оруулсан бөгөөд 2021 оны санхүүгийн жилийн тайлан болон 2022 оны хагас жилийн гүйцэтгэлийн санхүүгийн тайлан мэдээг ашиглан агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгааны үр дүнгээр ЧШ хэв шинж 2 шалтгаант хэвтэн эмчлүүлэгчдийн хэвтэж эмчлүүлэх өртгийг нэг ор хоног болон нэг удаагийн хэвтэлтээр тооцоолон үзэхэд Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний өртөг 2,845,904, БОЭТ-д 787,608, нэгдсэн эмнэлэгт 634,333, дүүргийн эрүүл мэндийн төвд 643,213 төгрөгийн өртөгтэй байна. Харин нэг ор хоногийн өртөг төв эмнэлэгт 353,090, дүүргийн ЭМТ-д 88,232, БОЭТ-д 85,239, нэгдсэн эмнэлэгт 69,860 төгрөг тус тус байна. Төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх дундаж ор хоног 8.06, БОЭТ-д дундаж ор хоног 9.24, нэгдсэн эмнэлэгт дундаж ор хоног 9.08, дүүргийн эмнэлэгт дундаж ор хоног 7.29 байна. Дүгнэлт: Чихрийн шижин хэв шинж 2 өвчний эмчилгээний дундаж ор хоногийн өртөг 149,106 төгрөг, хэвтэж эмчлүүлэх дундаж өртөг 1,227,765 төгрөг байна. Дундаж өртөгт цалингийн зардал 37 хувь, нэмэлт болон туслах үйлчилгээний зардал 24 хувь, эмийн зардал 15 хувь, байр ашиглалттай холбоотой зардал 11 хувь, хоолны зардал 7 хувь, бусад зардал 6 хувийг тус тус эзэлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ю.Гантөгс, А.Пүрэвгэрэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
