Хүүхдийн мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд арьс орлуулагчийг хэрэглэсэн үр дүн

Зохиогчид

  • Э.Саранчимэг АШУҮИС, АУС, Гэмтэл Согог Судлалын Тэнхим Зохиогч
  • А.Эрдэнэбилэг АШУҮИС, АУС, Гэмтэл Согог Судлалын Тэнхим Зохиогч
  • Б.Золбаяр АШУҮИС, АУС, Гэмтэл Согог Судлалын Тэнхим Зохиогч
  • С.Баатаржав ГССҮТ, Гар Сарвуу Нөхөн Сэргээх Бичил Мэс Заслын Тасаг Зохиогч
  • Я.Энхтөр АШУҮИС, АУС, Арьс Судлалын Тэнхим Зохиогч
  • Л.Наранбат АШУҮИС, АУС, Гэмтэл Согог Судлалын Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Children, post-burn scar, Alloderm, skin graft surgery, POSAS

Хураангуй

Үндэслэл: Цочмог түлэгдэлтийн тусламж үйлчилгээ сайжирснаар нас баралтыг бууруулж, биеийн нийт гадаргуугийн 90-95%-ийг хамарсан түлэгдэлтийн гэмтлээс амьд үлдэх боломжтой болсон. Эдгээр их хэмжээний түлэгдэлттэй өвчтөнүүдэд их хэмжээний сорви, агшилт, үений хөдөлгөөн хязгаарлагдах, загатнах, өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд олон жилийн турш физиологийн хэвийн үйл ажиллагаагаа алддаг. ГССҮТийн 2015-2021 оны байдлаар нийт түлэгдэлтийн 69.4% нь 0-18 насны хүүхдийн түлэгдэлт эзэлж байгаа бөгөөд 1-4 насны хүүхдийн түлэгдэлт 68.4% байгаа болохыг тэмдэглэсэн байна. Түлэгдэлтийн дараа үүсдэг мөчдийн хамгийн түгээмэл сорви нь гипертрофик сорви нийт тохиолдлын 70%-д тохиолддог болохыг судлаачид тогтоожээ. Иймд манай оронд хүүхдийн мөчдийн түлэгдэлтэнд арьс орлуулагчийг хэрэглэсэн мэс засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд арьс орлуулагч-арьсны эдийн суулгацыг нимгэн давхраат арьстай хамт нөхөх мэс засал эмчилгээний үр дүнг тодорхойлох. Арга, аргачлал: Бид эмнэлзүйн туршилт судалгааны загвараар түлэгдэлтийн дараах сорвийг чөлөөлж арьс нөхөх мэс засал эмчилгээ хийлгэж буй 96 хүүхдэд мэс заслын өмнө болон дараах 7, 14, 30, 60 дахь хоногт сорвийг үнэлэх POSAS-ын арга, фото зураг аван хэмжилт хийж үр дүнг тооцов. Үр дүн: Мэс засал эмчилгээ хийсэн донор талбайн хамгийн их талбайд Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац нимгэн давхраат арьс нөхөх мэс засал (Alloderm Thin STSG) хийсэн байгаа нь тодорхойлогдлоо (P<0.0001), донор талбайн шархны эдгэрлийн хугацаа Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац (Alloderm Thin STSG) нөхсөн бүлэгт хамгийн бага байгаа нь тодорхойлогдлоо (P<0.0001). Реципиент талбайн шархны эдгэрэл хагас бүрэн давхраат арьс нөхсөн (Thick STSG) бүлэгт хамгийн бага хугацаанд эдгэрсэн байгаа нь ажиглагдлаа (P<0.0001). Ажиглагч болон үйлчлүүлэгчийн сорвины үнэлгээ (POSAS)-гээр 14 дэхь хоногт эмчилгээний үр дүн илэрхий сайжирсан хэдий ч статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: Ажиглагч болон үйлчлүүлэгчийн сорвины үнэлгээ (POSAS)-гээр мөчдийн түлэгдэлтийн дараах сорвинд Аллодерм арьс орлуулагч-арьсны эдийн суулгац нимгэн давхраат арьс нөхөх мэс заслын үр дүнг судлахад илэрхий сайжирсан хэдий ч уламжлалт аргатай харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Аллодермийг түлэгдэлтийн дараах сорвинд хэрэглэж эмчилгээний үр дүнг судлахад их хэмжээний сорвины талбайд хэрэглэх боломжтой бөгөөд донор талбайн шархны эдгэрэлтийг түргэсгэж гоо сайхны болон үйл ажиллагааны үр дүнг сайжруулж байна. Хүүхэд Түлэгдэлтийн дараах сорви Аллодерм Арьс нөхөх мэс засал POSAS арга

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Саранчимэг, Б.Золбаяр, Л.Наранбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл