Улаанбатар хотын чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэж буй инсулины төрөл, гликемийн хяналтын байдлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Аналог инсулин, Рекомбинант инсулин, Глюкозжсон гемоглобинХураангуй
Үндэслэл: Одоогоос 100-аад жилийн өмнө инсулин дааврыг нээсэн нь чихрийн шижин (ЧШ)-ийн тусламж үйлчилгээнд асар том ахиц дэвшлийг бий болгосон. Инсулин эмчилгээтэй өвчтнүүдэд гликемийн хяналт муу байх нь олон хүчин зүйлсээс хамаардгийн нэг нь инсулины төрөл юм. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд рекомбинант инсулины хэрэглээг бүрэн зогсоож, аналог инсулинд шилжээд байна. Манай улсын хувьд инсулин эмчилгээний төрөл, инсулин эмчилгээ хийгдэж буй өвчтнүүдийн гликемийн хяналтын талаар хийгдсэн судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст хэрэглэж буй инсулины төрөл, гликемийн хяналтыг судлан тогтоох гэх мэт. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн судалгааны загварыг ашиглан АШУҮИС-ийн Төв эмнэлэг болон Улаанбаатар хотын 6 дүүргийн дотоод шүүрлийн эмч нарын хяналтанд буй инсулин эмчилгээ хийгдэж буй ЧШ-тэй 18-65 насны 280 хүнийг хамруулсан. Судалгаанд оролцогчдоос 2 бүлэг 44 асуулттай асуумж авч, биемахбодийн хэмжилт хийсэн. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS-25 программ ашиглан, статистик ялгааг р<0.05 байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дундаж нас нь 54.3±12.9 жил ба эдгээрээс 46.8% (131) нь эрэгтэйчүүд байв. Чихрийн шижингийн үргэлжилсэн дундаж хугацаа 12.6±6.3 жил, инсулин эмчилгээнд хамрагдсан хугацаа 5.4±5.1 жил тус тус байв. Судалгаанд хамрагдагсдын 85% нь рекомбинант, 15% нь аналог инсулин хэрэглэж байгаа нь тодорхойлогдлоо. Гликемийн хяналтын хувьд нийт хүмүүсийн дундаж HbA1C 11.0±2.8 % ба 90.4% нь гликемийн хяналт муу байгаа нь тодорхойлогдлоо. Гликемийн хяналтын үзүүлэлтүүдийг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй ч аналог инсулин хэрэглэж буй хүмүүст глюкозжсон гемоглобины хэмжээ харьцангуй бага (10.7±2.2) % буюу гликемийн хяналт сайн байна. Инсулин эмчилгээг дагаж мөрдөх байдлыг судлахад нийт судалгаанд хамрагдагсдын 27.0% нь ямар нэг байдлаар инсулин эмчилгэээний дэглэм алддаг буюу тасалдуулдаг, тунг багасгаж тарьдаг байв. Дүгнэлт: Монгол улсад чихрийн шижинтэй, инсулин эмчилгээ хийгдэж буй хүмүүсийн зөвхөн 15%-д аналог инсулин хэрэглэж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 90.4% нь гликемийн хяналт муу, 27% нь инсулин эмчилгээний дэглэм баримталдаггүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Алтайсайхан, Б.Оюунтөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
