Туршилтын амьтанд үүсгэсэн үрэвслийн болон өвдөлтийн эмгэг загварт Эрхэм-8 уламжлалт эмийн үзүүлсэн нөлөө
Түлхүүр үг:
Халуун өвчин, Сарвууны хаван, Цууны хүчлээр үүсгэсэн өвдөлт, Каррагенан, LD50Хураангуй
Үндэслэл: Эрхэм-8 уламжлалт эмийн найрлагад ордог түүхий эдүүд нь сэрүүн чанартай бөгөөд цул эрхтний халуун ялангуяа уушги, элэгний халуун, цус, шар хямарсан халуун, хижгийн халуун зэрэг шинэ ба хуучирсан халуунд хэрэглэх заалттай. Зорилго: Туршилтын амьтанд үүсгэсэн үрэвслийн болон өвдөлтийн эмгэг загварт Эрхэм-8 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Хурц хорон чанарын судалгааг В.Б Прозоровский (1978) нарын аргаар, каррагенанаар сарвууны хавангийн эмгэг загвар үүсгэх арга зүйг Hiroe Maruyama (2010) нарын аргаар хийж туршилтыг эрүүл, хяналт, харьцуулах, туршилтын бүлгүүдэд хуваан каррагенины уусмал 1%-100 μl уусмалыг хархны хойд сарвуунд тарьж эмгэг загвар үүсгэв. Үрэвсэл үүсгэхээс нэг цагийн өмнө эрүүл болон хяналтын бүлгийн амьтдад нэрмэл ус, харьцуулах бүлэгт Диклофенак натри 20 мг/кг, туршилтын бүлгүүдэд Эрхэм-8 эмийг 190 мг/кг, 380 мг/кг, 980 мг/кг тунгаар тус тус амаар өгөв. Сарвууны хаванг плетисмометр аппаратаар хэмжилт хийн тодорхойлов. Цууны хүчлээр үүсгэсэн захын гаралтай өвдөлтийн эмгэг загвар үүсгэх арга зүйг Naveed Muhammad (2014) нарын аргаар хулганы хэвлийн хөндийд 1%-ийн цууны хүчлийн уусмалыг тарьж (0.1мл/10г) өвдөлтийн загвар үүсгэж, туршилтыг хяналт болон харьцуулах, туршилтын бүлэгт Эрхэм-8 эмийг 190 мг/кг, 380 мг/кг, 980 мг/кг тунгаар өгч өвдөлт намдаах үр дүнг амьтны эвхрэлтийн тооны бууралтаар тооцоолон гаргав. Үр дүн: Эрхэм-8 уламжлалт эмийн LD50=9.5 (7.6-11.9) гр/кг бөгөөд И.Б.Березовская (2003) нарын ангиллаар хоргүй байна. Эмчилгээний идэвхт тун нь И.П.Западнюк (1983) нарын аргаар ED=190-950 мг/кг байна. Каррагенанаар үүсгэсэн үрэвслийн үед сарвууны хавангийн хэмжээнд Эрхэм-8 уламжлалт эмийн усан идээшмэлийн үзүүлсэн дүнгээс үзэхэд үрэвслийн архаг үе (180–300 минут) шатанд Эрхэм-8 танг 950 мг/кг тунгаар уусан бүлгийн амьтдыг хяналтын бүлэгтэй харьцуулахад сарвууны хаванг 180 дахь минутанд 32.2%, 240 дахь минутанд 24.2%, 300 дахь минутанд 31.4%-аар тус тус статистик ялгаатай бууруулсан байна. Харин Эрхэм-8 тангийн 190 мг/кг болон 380 мг/кг тунгаар уусан бүлгийн амьтдын сарвууны хаванг хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик ялгаа ажиглагдсангүй. Цууны хүчлээр үүсгэсэн захын гаралтай өвдөлтөнд Эрхэм – 8 уламжлалт эмийн үзүүлэх нөлөөг судлахад Диклоденк 25 мг/кг тунгаар хэрэглэсэн бүлгийн амьтдын өвдөлтийн хариу урвалын тоо 42%-аар (p<0.01) буурсан байна. Эрхэм–8 уламжлалт эм нь их тундаа захын гаралтай өвдөлтийг намдаах нөлөөтэй байна (p<0.01). Дүгнэлт: Эрхэм-8 уламжлалт эмийн LD50=9.5 (7.6-11.9) гр/кг бөгөөд И.Б.Березовская (2003) нарын ангиллаар хоргүй байна. Каррагенанаар үүсгэсэн үрэвслийн эмгэг загварын үед Эрхэм – 8 уламжлалт эм нь 950 мг/кг тундаа үрэвслийн архаг үед сарвууны хавангийн хэмжээг бууруулснаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлж байна. Цууны хүчлээр үүсгэсэн захын гаралтай өвдөлтөнд Эрхэм-8 уламжлалт эм нь 950 мг/кг тундаа өвдөлт намдаах үйлдэлтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
