Лабораторид гарган авсан антибиотикийн дискийн идэвхийг тодорхойлсон үр дүн
Түлхүүр үг:
Антибиотик, Антибиотикийн мэдрэг чанар, Цаасан дискХураангуй
Үндэслэл: Антибиотикийг зохисгүй хэрэглэснээс нянгийн тэсвэржилт нэмэгдэж, эмчилгээний хугацаа уртсаж, эдийн засгийн зардал өсдөг. Антибиотик мэдрэг чанарын шинжилгээнд диск диффузийн аргыг өргөн ашигладаг байна. Манай улсын оношлуурын бүртгэлд нэг үйлдвэрлэгчийн (Bioanalyse) антибиотикийн диск бүртгэлтэй байна. Зорилго: Лабораторийн нөхцөлд гарган авсан антибиотикийн дискийн идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Лабораторийн нөхцөлд гарган авсан антибиотикийн дискийн идэвхийг EUCAST, CLSI удирдамжийн дагуу шалгаж үйлдвэрлэгчийн дискийн идэвхтэй харьцуулав. Статистик боловсруулалтыг IBM SPSS 26.0 программаар хийж тоон хувьсагчийн дундаж утга (M), стандарт хазайлт (SD)-г тооцов. Үр дүн: Дөрвөн төрлийн цаас ашиглан лабораторийн нөхцөлд гарган авсан антибиотикийн дискүүдийн идэвхийг тодорхойлж хоёр өөр үйлдвэрлэгчийн дисктэй харьцуулав. Бүх антибиотик дискүүдийн идэвхийг EUCAST, CLSI удирдамжийн дагуу шалгахад бактерийн өсгөврийг дарангуйлах хүрээ нь лавлах утгын хязгаарт багтсан. Цефазолины 30 мкг дискүүдийн идэвхийг хоёр үйлдвэрлэгчийн дисктэй харьцуулахад M1 дискийн тоон үзүүлэлттэй зөвхөн D1 дискийн тоон үзүүлэлт (p=0.009), M2 дисктэй D1 (p=0.0001), D3 (p=0.005) дискүүдийн тоон үзүүлэлт статистикийн ач холбогдол бүхий ялгаа үзүүлсэн. Гентамицины 10 мкг дискийг үйлдвэрлэгчийн дисктэй харьцуулахад лабораторийн нөхцөлд гарган авсан бүх дискүүдийн тоон үзүүлэлт M1 дискийн тоон үзүүлэлттэй статистикийн ач холбогдол бүхий ялгаа үзүүлсэн (p=0.0001) бол M2 дискийн тоон үзүүлэлттэй D1 (p=0.002), D2 (p=0.01), D3 (p=0.0001) дискүүдийн тоон үзүүлэлтүүд статистикийн ач холбогдол бүхий ялгаа үзүүлсэн. Ципрофлоксацины 5 мкг дискийн идэвхийн тоон үзүүлэлтийг M1 дискийн идэвхийн тоон үзүүлэлттэй харьцуулахад зөвхөн D3 дискийн тоон үзүүлэлт (p=0.0001), M2 дискийн тоон үзүүлэлтүүдтэй харьцуулахад D2 (p=0.003), D4 (p=0.0001) дискүүдийн тоон үзүүлэлтүүд статистикийн ач холбогдол бүхий ялгаа үзүүлсэн. Харин Ванкомицины 30 мкг дискүүдийн тоон үзүүлэлтүүд бүгд M1, M2 дискийн тоон үзүүлэлттэй харьцуулахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа үзүүлсэн (p<0.01). Дүгнэлт: Лабораторид гарган авсан антибиотикийн дискүүдийн идэвхийг үйлдвэрлэгчийн дисктэй харьцуулахад тоон үзүүлэлтийн хувьд хамгийн бага статистик ач холбогдол бүхий ялгаа үзүүлж, ойролцоо дарангуйлах хүрээг үүсгэсэн D4 дискийг практикт ашиглах боломжтой болох нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
