Эпилепситэй эмчлүүлэгчдийн асран хамгаалагч нарт боловсрол олгох сургалтын урьдчилсан судалгааны үр дүн

Зохиогчид

  • SU SARINA АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Г. Уранчимэг АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • С.Долгорсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • А.Товуудорж АШУҮИС, АУС, Мэдрэл судлалын тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Танин мэдэхүйн сэтгэл засал, Бүлгийн сэтгэл засал, Хэрэгцээ, Уналт таталт, Ачаалал

Хураангуй

Үндэслэл: Эпилепси нь олон шалтгааны улмаас үүсдэг, мэдрэл, сэтгэцийн олон шинж тэмдэгээр илэрдэг, даамжрах явцтай архаг өвчин бөгөөд эмчлүүлэгч, ар гэрийнхэн нь нийгмийн ялгаварлан гадуурхалд илүүтэй өртдөг. 2023 оны байдлаар дэлхий дахинаа 50 сая гаруй эпилепситэй хүн амьдарч байгаа ч тэд шаардлагатай тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй байна. Эпилепсийн уналтын улмаас бэртэж гэмтэх, ой тогтоолт буурах, ухаан балартах, сэтгэц хөдөлгөөний дошгиролд орж өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийж болзошгүй байдаг тул байнгын хараа хяналт, бусдын тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг. Азийн улс орнуудад эпилепситэй хүмүүсийн асран хамгаалагч нарын дунд хийсэн судалгаагаар асран хамгаалагчийн 72.1% нь эмэгтэйчүүд, 55% нь тэдний эцэг эх нь, 51.4% нь ажил эрхэлдэггүй, асран хамгаалагчийн ачаалал их, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс ихтэй байсан учир цаашид асран хамгаалагч нарын ачааллыг бууруулах, халшрах байдал үүсэхээс сэргийлэхэд сэтгэлзүйн тусламж дэмжлэг, сургалт зайлшгүй хэрэгцээтэй байна хэмээн дүгнэжээ. Ижил тулгамдсан асуудалтай хүмүүс тулгамдсан асуудлаа зохистой шийдвэрлэх зорилгоор багаар хамтран ажиллаж сэтгэл санаагаа хуваалцахыг өөртөө туслах бүлэг хэмээн нэрлэдэг бөгөөд хэн нэгнийхээ буруу бодол, ойлголтыг залруулахын тулд танин мэдэхүйн сэтгэл заслын аргыг ашиглах нь үр дүнтэй тул бид эпилепситэй эмчлүүлэгчдийн асран хамгаалагч нарт сэтгэцийн боловсрол олгох сургалтыг хийх зорилгоор сэдвийг сонгосон болно. Зорилго: Эпилепситэй эмчлүүлэгчдийг асран хамгаалахад тулгамдаж буй асуудлыг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан, дискрептив судалгааны агшингийн загвараар, асуумж судалгааны аргаар хийв. Судалгааг СЭМҮТ-ийг түшиглэн 2023 оны 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хийсэн ба судалгааны Ёс зүйн зөвшөөрлийг түшиц байгууллага болох СЭМҮТ (2023 оны 06.14-ний өдрийн 3/603), АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн Хяналтын Хорооны хурлаар хэлэлцүүлж судалгаа хийх зөвшөөрөл (2023.06.16-ны 2023/3-08) авсан. Цуглуулсан мэдээлэлд Microsoft Word, Microsoft Excel программуудыг ашиглан график дүрслэл, хүснэгт хийж, SPSS 21.0 программыг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн болно. Үр дүн: Судалгаанд 23-80 насны, эрэгтэй 8 (26.7%), эмэгтэй 22 (73.3%) асран хамгаалагчид хамрагдсан бөгөөд 69.3% нь 40-69 насныхан, 49.5 % нь тэтгэвэрт байдаг байна. Асран хамгаалагчдын олонхи нь эпилепситэй эмчлүүлэгчдийг 10-51 жил асран хамгаалсан аав, ээж (n=13, 42.9%), ах, эгч (n=7, 23.1%) нар нь тус тус байв. Эмчлүүлэгчдийн 36.1% нь өдөр бүр унадаг, өдөрт олон удаа унадаг тохиолдол байгаа ба асран хамгаалагч нарын өгүүлснээр нойр муу (n=27, 89.1%), хэт халуун бүгчим орчинд (n=26, 85.8%), ядарч сульдсан үед (n=24, 79.2%) уналт илрэх нь илүү бол согтууруулах ундаа хэрэглэх (n=6, 19.8%), уналтын нэг төрлийн эмийг өөр төрлийн эмээр сольж хэрэглэхэд (n=7, 23.1%) уналтанд бага нөлөөтэй хэмээн хариулсан нь статистик ач холбогдолгүй (p=0.21) байсан болно. Асран хамгаалагчдын 26.4 % нь уналтын улмаас эмчлүүлэгчийн шүд нь зуурсан үед амыг нь ангайлгахын тулд халбага, сэрээ зэрэг зүйлийг хийх нь зөв гэсэн бол 9. 9% нь зөв эсэхийг мэдэхгүй хэмээн хариулсан. Судалгаанд оролцсон асран хамгаалагчдын 42.9-69.3% нь өвчтөн дошгин ширүүн авир гаргадаг тул харилцахаас эмээж, татгалздаг, эмчлүүлэгчийг унаж татдаг гэдгийг бусдаас нуудаг (29.7%), уналтын үед дороо бие засахад нь сэжиглэдэг (29.7%), 5 тохиолдол нь өвчтөн ухаан алдан унасан үед гэр бүлийн зарим гишүүд айж зугтаадаг хэмээн хариулсан байна. Асран хамгаалагч нарын 4 нь урьд нь сургалтанд богино хугацаагаар хамрагдаж байсан, 26 (85.8%) нь сургалтанд хамрагдах шаардлагатай байна гэж хариулсан бөгөөд бид асуумж судалгаанд тулгуурлан асран хамгаалагч нарт боловсрол олгох сургалтын сэдвүүдийг тогтоон сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн болно. Дүгнэлт: Эпилепситэй эмчлүүлэгчдэд мэдрэл, сэтгэцийн олон шинжүүд хавсран илэрдэг, асран хамгаалагч нар нь уналт таталт илрэхэд нөлөөлөх зарим хүчин зүйл, уналтын үед авах арга хэмжээ, харилцааны талаар сөрөг хандлагатай байгаа тул асран хамгаалагч нараас авсан асуумжид тулгуурлан танин мэдэхүйн сэтгэл засал буюу сэтгэцийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Товуудорж, З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл