Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцын макрофагийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг судалсан дүн
Түлхүүр үг:
Rh.Adamsii, RAW264.7, Aзотын исэл, TNFα, IFNβХураангуй
Үндэслэл: Макрофаг эс нь антиген илчлэх, залгих, цитокин болон өсөлтийн хүчин зүйлүүдийг ялгаруулах зэргээр дархлааны хариу урвалыг зохицуулагад чухал үүрэг гүйцэтгэдэг.1 Макрофаг эс нь мембран, эсийн дотор байрлах PRRs (pattern recognition receptors)-ын нөлөөгөөр идэвхжиж, цитокин, өсөлтийн хүчин зүйлүүдийг нийлэгжүүлдэг. Макрофаг эсийн идэвхжил М1, М2 хэлбэрээр явагддаг болохыг тодорхойлсон байна.2 Зарим эмийн ургамлууд дархлаа зохицуулах адаптоген идэвхтэй байдаг болохыг судлаачид тэмлэглжээ.3,4 Rhododendron Adamsii (Rh.Adamsii) нь Монгол, Буриад, Төвд, Якутын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ургамал бөгөөд адаптоген нөлөөтэй болохыг судлан тогтоосон.5 Харин Rh.Adamsii ургамлын биоидэвхт фракцууд дархлааны хариу урвалд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байна. Иймд бид ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран “Эмийн ургамлаас ялгасан биологийн идэвхтэй фракцуудыг in vitro орчинд шинжлэн судлах иж бүрэн аргачлал боловсруулах судалгаа” сэдэвт төслийн хүрээнд Rh.Adamsii ургамлаас ялган авсан фракцуудын макрофаг эсийн идэвхжилийн бүтээгдэхүүний гарцад хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааг хийж гүйцэтгэв. Зорилго: Эмийн ургамлаас ялган авсан биоидэвхт фракцуудын макрофаг эсийн идэвхжлийн бүтээгдэхүүнд үзүүлэх адаптоген нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: ОХУ-ийн Алтайн улсын их сургуулийн Биологийн факультетын Био-Анагаахын хүрээлэнгийн лабораторид Rh.Adamsii-аас ялган авсан 7.11, 7.12 дугаартай фракцуудыг RAW264.7-хулганын макрофаг төст эсийн өсгөвөрт туршиж, эсэд хоргүй тунг МТТ аргаар, эцсийн бүтээгдэхүүний гарцад нөлөөлж буйг фермент холбоот эсрэгбиеийн урвалаар тус тус тодорхойлсон. Үр дүн: Биоидэвхт фракцуудын 100 мкг/мл тун эсэд хортой, 10 мкг/мл тун эсэд хоргүй байна. Биоидэвхт фракцуудын 20, 10, 5 мкг/мл тунгууд бүгд азотын ислийн болон IFNβ цитокины гарцыг дарангуйлж байна. Харин 7.11 дугаартай фракц 20 мкг/мл тун дээр TNF-α цитокины гарцыг дарангуйлж, 7.12 дугаартай фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлаагүй байна. Дүгнэлт: 1. Rh.Adamsii-н биоидэвхт фракцуудын 10 мкг/мл тун нь RAW264.7 эсэд хоргүй байна. 2. Rh.Adamsii-н биоидэвхт фракцууд нь азотын исэл, IFNβ цитокины гарцыг дарангуйлах нөлөөтэй. Харин 7.11 дугаартай биоидэвхт фракц TNF-α цитокины гарцыг дарангуйлах нөлөөлөөтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Бадмаараг, О.Эрдэнэзаяа, Н.Золмөнх, С.Чимидцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
