Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээний түвшин, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан үр дүн

Зохиогчид

  • Ж.Чимэгсайхан АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • М.Елик АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Шизофрени, Архи, Архины хэрэглээ, Сэтгэцийн эмгэг

Хураангуй

Үндэслэл: Архи нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг сэтгэцэд нөлөөлөх бодис бөгөөд, буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад өвчин үүсгэх гол эрсдэлт хүчин зүйл юм. Донтолт нь тархинд удаан үргэлжилснээр архи, тамхи, мансууруулах бодисыг албадан хайх хараат байдал үүсэх, зүй бусаар хэрэглэхэд хүргэдэг архаг дахилтад өвчин юм. Олон улсад шизофренитэй эмчлүүлэгчдийн мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээтэй холбоотой судалгаа олон байдаг ч манай улсад одоогоор уг сэдвээр судалгаа хийгдээгүй байгаа нь бидний судалгааны үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээний түвшин, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргыг сонгон, асуумж судалгаа, ажиглалтын судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17 өдрийн хурлаар 2023.03.02-нд хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгааны үзүүлэлтүүдийг Microsoft Word, Microsoft Excel программуудыг ашиглан график дүрслэл, хүснэгт хийж, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээний түвшин нь 84% нь эрсдэл багатай архины хэрэглээний түвшин, 8% нь архи хэтрүүлэн хэрэглэгч буюу аюултай хэрэглээний түвшин, 4% нь архи хэтрүүлэн хэрэглэгч буюу хортой үр дагавар өгөхүйц хэрэглээний түвшин, 4% нь архины хамааралд орсон эмчлүүлэгчид байсан. Архины хэрэглээтэй эмчлүүлэгчдийн 88% нь тамхины хэрэглээтэй байгаа нь хосолсон онош байгааг харуулж байна. Архийг ямар байдлаар хэнтэй хамт хэрэглэсэн байдлыг нь дүгнэхэд 92% нь баяр ёслолоор хэн нэгэнтэй хамт хэрэглэдэг гэж хариулсан нь архины зохистой аюулгүй хэрэглээг харуулж байна. Архи хэрэглэдэг эмчлүүлэгч дунд согтууруулах ундааг хольж хэрэглэдэггүй ба ихэвчлэн үйлдвэрийн цагаан архи хэрэглэдэг байна. Дүгнэлт: Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээ нь эрсдэл багатай архины хэрэглээний түвшинтэй байна. Шизофренитэй эмчлүүлэгчдийн архины хэрэглээнд хүйс, боловсрол, тамхины хэрэглээ, эцгийн тамхины хэрэглээ зэрэг хүчин зүйлсүүд нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл