Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг судлах нь

Зохиогчид

  • Сарнай Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Олон улсын монгол эмнэлэг Зохиогч
  • Г.Баярбат АШУҮИС, НЭМС Зохиогч
  • М.Үзмээ АШУҮИС, БАС Зохиогч
  • Б.Солонго АШУҮИС, АУС Зохиогч
  • Б.Оюунгоо АШУҮИС, СС Зохиогч

Түлхүүр үг:

Зан үйл, Эрсдэлт хүчин зүйл, Тархалт, Оюутан

Хураангуй

Үндэслэл: НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр Монголчуудын нийт нас баралтын 77.0%-ийг халдварт бус өвчин эзэлж байгаагийн 32.0% нь 30-70 насныхан байв. Монгол Улсын хүн амын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдрын шалтгаант нас баралт сүүлийн З0-аад жилд тогтмол эхний байрыг эзэлж, жил ирэх тутам тухайн өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Халдварт бус өвчинд нөлөөлөх түгээмэл эрсдэл хүчин зүйлсийн тархалтын мэдээллийн анхдагч эх сурвалж нь STEPS судалгаа байдаг тул ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу Монгол Улс 2005, 2009, 2013, 2019 онуудад уг судалгааг амжилттай хийсэн. Хамгийн сүүлд хийгдсэн STEPS-IV судалгаагаар 15-69 насны хүн амын 24.2% тамхи татдаг, 10 хүн тутмын 3 нь одоогоор архи, согтууруулах ундаа хэрэглэгчид байв. Түүнчлэн нийт хүн амын 19.8% (эрэгтэйчүүдийн 28.2%, эмэгтэйчүүдийн 11.5%) архи согтууруулах ундааг “хэтрүүлэн хэрэглэх” эрсдэлт зан үйлтэй байгаа нь анхаарал татаж байна. Иймээс бид Монгол Улсын хүн амын онцлог бүлэг болох залуучууд, түүн дотор эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй залуусын халдварт бус өвчин болон зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлийг судалж тогтоохоор энэхүү судалгааг сонгон авсан. Зорилго: Сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудын зан үйлийн эрсдэлт хүчин зүйл (архи, тамхи, дам тамхидалт, жимс, хүнсний ногоо, өөх тос, давсны хэрэглээ, хөдөлгөөний идэвхи)-ийн тархалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Сувилахуйн сургуулийн “Сувилахуйн бакалавр”-ын мэргэжлээр суралцаж буй 510 оюутныг судалгаанд хамруулсан. ДЭМБ-аас 2017 онд шинэчлэн гаргасан Хоол боловсруулах өвчний шаталсан судалгааны асуумжийг Монгол орны онцлог, Засгийн газар ба ЭМЯ-ны хүсэлт, шаардлагад нийцүүлэн боловсруулсан STEPS IV судалгааны асуумжаас зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйсийг тодорхойлох асуулгын хэсгийг ашигласан6. Үр дүн: Зан үйлийн анхдагч эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээгээр нийт оюутнуудын 4.8% (11) одоо тамхи татдаг бол 72.2% (164) нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан, 74.9% (170) жимс, жимсгэнэ ба хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй, 20.3% (46) дасгал хөдөлгөөний дутагдалтай байна. Судалгаанд оролцогчдын 7 хоногийн жимс, жимсгэний хэрэглээг судлахад 20.3% (46) нь 0-1 удаа, 43.1% (98) нь 2-3 удаа хэрэглэдэг байгаа нь нийт оюутнуудын дунд жимс, жимсгэний хэрэглээ хангалтгүй байгааг харуулж байна. Хүнсний ногооны 7 хоногийн хэрэглээг судлахад 31.3% (71) нь өдөр бүр, 25.1% (57) нь 7 хоногийн 5-6 өдөрт, 28.2% (74) нь 7 хоногийн 3-4 хоногт тус тус хэрэглэдэг байв. Жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэрэглээг сувилагч мэргэжлээр суралцагчдад судлахад ижил насны бүлгийн хүн амын хэрэглээтэй ойролцоо байна. Судалгаанд оролцогчдын 82.8% (188) нь хоолондоо ургамлын гаралтай тосыг хэрэглэдэг байсан бөгөөд гэртээ бэлтгэсэн хоолыг 10.6% (24) өдөр бүр, 1.8% (4) нь 7 хоногийн 6 өдөрт, 8.8% (20) 5 өдөрт, 12.8% (29) 4 өдөрт, 19.8% (45) 3 өдөрт, 46.2% (105) нь 2-оос цөөн өдөрт тус тус хэрэглэж байна. Судалгаанд оролцогчдын дасгал хөдөлгөөнийг үнэлэхэд өндөр эрчимтэй дасгалыг 95 (41.9%), дунд эрчимтэй дасгалыг 114 (50.2%) оюутан хичээл болон ажлын байрандаа 10 минутээс дээш хугацаанд хийдэг байсан. Харин чөлөөт цагаараа өндөр идэвхитэй биеийн хөдөлгөөн, фитнесс эсвэл зохиомол хөдөлгөөнийг 81 (35.7%), дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг 133 (58.6%) оюутан 10 минутаас дээш хугацаанд хийдэг гэсэн нь чөлөөт цагаараа илүү их эрчимтэй хөдөлгөөн хийдэг болохыг харуулж байна. Дүгнэлт: Судалгаанд хамрагдсан оюутнуудын 74.9%-д жимс, жимсгэнэ ба хүнсний ногооны хэрэглээ хангалтгүй, 79.7% нь дасгал хөдөлгөөний хомсдолтой, 4.8% нь тамхи татдаг, дам тамхидалтад 13.7% нь өдөр бүр өртдөг, 72.2% нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байсан ба нийт оюутнуудын дунд давсны хэрэглээ өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Баярбат, М.Үзмээ, Б.Оюунгоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-11-03

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл