Солиорлын эсрэг эмийн гаж нөлөөг эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Шизофрени, Эмийн гаж нөлөөний түвшин, Эмийн эмчилгээний дэглэм, Солиорлын эсрэг эмХураангуй
Үндэслэл: Дэлхий дахинаа 1950 оноос эхлэн солиорлын хүрээний эм болох аминазиныг анх эмчилгээнд хэрэглэж эхэлсэн бөгөөд 1980ээд оны сүүл үеэс эхлэн хэвшинжит бус солиорлын эсрэг эмүүдийг эмнэлзүйд ашиглах болсон.1 Шизофрени эмгэг нь солиорлын эсрэг эмийн хамгийн өргөн хэрэглээтэй эмгэг бөгөөд энэ өвчний үед уламжлалт солиорлын эсрэг эмүүдийг хэрэглэхэд сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө их илэрдэг тул эмчлүүлэгчид эмийн эмчилгээнээс татгалзан, эмийн эмчилгээний дэглэм баримталдаггүй байна. Манай орны нөхцөлд эмийн гаж нөлөөний зарим нэг судалгаа хийгдсэн боловч шизофренитэй эмчлүүлэгчдэд илэрч буй солиорлын эсрэг эмийн гаж нөлөөний илрэлийг судалсан судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Шизофренитэй эмчлүүлэгчдэд илэрч буй солиорлын эсрэг эмийн гаж нөлөөг эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг дискрептив судалгааны агшингийн загвараар, санамсаргүй түүврийн аргийг сонгон, асуумж судалгааны аргаар 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд СЭМҮТ-ийн амбулатори, клиникүүдийг түшиглэн хийсэн. Судалгаа хийх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны Ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар (2023-03-02) хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан ба эмчлүүлэгчдээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар дамжуулан зөвшөөрөл авч гарын үсгээр баталгаажуулан судалгааны картанд хавсаргасан. Судалгаанд судалгааны зорилго, зорилтод нийцүүлэн судалгааны баг боловсруулсан 5 бүлэг 36 асуумж, 22 асуулт бүхий Глазгогийн стандарт сорилыг ашигласан. Судалгааны үр дүнг компьютерийн Microsoft Word, Microsoft Excel, STATA 14 программыг ашиглан тойм болон нарийвчилсан статистик боловсруулалт хийсэн. Үр дүн: Судалгаанд 18-79 насны нийт 209 шизофренитэй эмчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй 47.4% (n=99), эмэгтэй 52.6% (n=110) байв. Судалгаанд хамрагдагсдын 85.2% (n=178) нь шизофрени өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай байсан. Эмчлүүлэгчдэд илэрч буй эмийн гаж нөлөөг Глазгогийн стандарт асуумжаар (Кронбах α=0.859) тодорхойлоход солиорлын эсрэг эмийн гаж нөлөө 59.8% (n=125) нь бага, 38.8% (n=81) дунд зэрэг, 1.4% (n=3) нь гаж нөлөө хүнд хэлбэрээр илэрч байлаа. Эмчлүүлэгчдийн эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдлыг Морскийн стандарт асуумжаар дүгнэн үзвэл зөвхөн 1.5% нь хангалттай сайн баримталдаг, 98.5% нь дунд зэрэг болон муу баримталдаг байна (α=0.79). Глазгогийн стандарт асуумжаас өдрийн турш нойрмоглох шинж 68.9% (n=144; p=0.032), эмийн гаж нөлөөг мэдрэх, амьгүй юм шиг санагдах шинж 18.2% (n=38; p=0.053), босоход толгой эргэж, бие сулрах шинж 56% (n=117; p=0.044), хөдөлгөөн, алхаа хэвийнхнээсээ удаан болох шинж 49.8% (n=104; p=0.024), нүд бүрэлзэх шинж 47.4% (n=99; p=0.040) илэрч байгаа нь эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалтай статистик ач холбогдолтой байв. Гаж нөлөөний илрэлийг нарийвчлан үнэлэхэд экстрапирамид гаж нөлөө хамгийн их хувийг 77.1% эзэлж байв. Дүгнэлт: Солиорлын эсрэг эмийн зарим гаж нөлөөний илрэл илүүтэй байх нь эмийн эмчилгээний дэглэм баримтлах байдалд нөлөөлдөг байна. Солиорлын эсрэг сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөөний илрэлүүдээс экстрапирамид гаж нөлөө хамгийн их хувийг эзэлж байгаа нь судалгаанд хамрагдсан шизофренитэй эмчлүүлэгчдийн ихэнх нь буюу 63.5% уламжлалт эм хэрэглэдэгтэй холбоотой гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
