Энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэгдэж буй цэргийн албан хаагчдын сэтгэлзүйн хэвшинж, сэтгэцийн зарим үзүүлэлтийг судалсан дүн

Зохиогчид

  • Н.Өлзийхутаг АШУҮИС, АУС, СЭМ-ийн Тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, СЭМ-ийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Өмнөд Судан, Сэтгэл түгшилт, Архины хамаарал, Цэрэг дайчид

Хураангуй

Үндэслэл: НҮБ-ын ивээл дор явуулж буй энхийг дэмжих ажиллагаа идэвхижсэн сүүлийн 30-аад жилийн түүхээс үзэхэд байлдааны ажиллагаа нь энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцогчдын сэтгэлзүйн дарамт зовуурийг ихэсгэн, сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг үүсгэн, амьдралын чанарыг бууруулдаг болох нь харагдаж байна. Иймд бид НҮБ-ийн Энхийг дэмжих ажиллагаанд Монгол улсаас оролцож буй энхийг дэмжигчдийн сэтгэцийн эрүүл мэндэд дайн, тулаантай нутаг орны байдал хэрхэн нөлөөлж буйг судлан тогтоох шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг сэтгэлзүйн хэв шинжтэй нь уялдуулан судлаж тусламжийн хэрэгцээг судлан тогтоох. Арга, аргачлал: Судалгааг Өмнөд Судан улсад явагдах энхийг дэмжих ажиллагаанд бэлтгэгдэж буй цэргийн албан хаагчдын дунд дескриптив судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн. Судалгаанд 20-47 насны нийт 372 цэргийн албан хаагч таниулсан зөвшөөрлийн хуудастай танилцан, сайн дураар хамрагдсан бөгөөд тэдний 20-34 насныхан 81.1%, байсан бөгөөд хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүд 90% байв (p≤0.001). Судалгаанд нийт оролцогчийн 45.1% нь тусгай дунд, 37% нь дээд боловсролтой, 72.3% нь гэр бүлтэй, 72.9% нь 0-3 насны хүүхэдтэй байв (p≤0.001). Судалгаанд хамрагдагсадын 99% нь өөрийн хүсэлтээр энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа ба 47.3% (p≤0.001) нь урьд нь энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай байлаа. Энхийг дэмжих ажиллагааны бэлтгэл нь цэргийн албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэхээс (p≤0.001) гадна сэтгэлзүйн бэлтгэл (p≤0.001), стрессийг даван туулах чадвар (p=0.002), багаар хамтран ажиллах чадвар (p≤0.001)-ыг хөгжүүлэх боломжийг олгосон хэмээн 60-78% нь хариулсан байв. Хувь хүний сэтгэлзүйн хэвшинжийг Айзенкийн сорилоор тодорхойлоход, 21.5% холерик, 35.2% сангвиник, 24.2% флегматик, 9.1% нь меланхолик хэв шинжтэй байлаа. Неврозын илрэл нь меланхолик хэв шинжийн оролцогчдод бусад хэв шинжийн оролцогчдоос статистик ач холбогдол бүхий (p≤0.001) ялгаатай тодорхойлогдсон болно. Архины хэрэглээг үнэлэхэд, нийт оролцогчийн 89.5% (n=333) нь бага хэрэглээтэй, 9.9% (n=37) нь хэтрүүлэн хэрэглэгч байсан бол нас ахих тусам архины хэрэглээний түвшин ихтэй буюу хэтрүүлэн хэрэглэгч, хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй оролцогчийн тоо нэмэгдэж, 35-аас дээш насныхны дунд архины хэрэглээ статистик ач холбогдол бүхий (p=0.002) ялгаатай байлаа. Дүгнэлт: Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор бэлтгэгдэж буй цэргийн албан хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн зарим үзүүлэлт нь хувь хүний сэтгэлзүйн хэвшинжээс хамааран ялгаатай (p≤0.001) тодорхойлогдож байсан ба архины хэрэглээ 35-аас дээш насныханд илүү байгаа нь цаашид цэргийн алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, стресс тайлах энгийн аргад суралцах, сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээг авах шаардлагатайг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2023-05-22

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл