Ургамлын хандад суурилсан мөнгөний нанопартикль гарган авах судалгаа
Түлхүүр үг:
Мөнгөний нанопартикль, Хепаклин-4 жор, Ургамлын хандХураангуй
Үндэслэл: Монгол улсын хүн амын дунд нас баралтын болон өвчлөлийн хоёр дахь гол шалтгаан нь хавдар, тэр дундаа элэгний хорт хавдар тэргүүлж байна. Cүүлийн жилүүдэд эмчилгээний идэвх өндөртэй эмийн ургамлыг ашиглан био-нийцтэй, био-аюулгүй, экологид ээлтэй нанопартикль хөгжүүлэх нь нанотехнологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх цаг үеийн шаардлага болж байна. Зорилго: Хепаклин-4 жорын найрлага дахь ургамалд суурилсан мөнгөний нанопартикль гарган авах. Арга, аргачлал: Судалгаанд Хепаклин-4 жорын найрлага дахь Байгал гүүнхөх (Scutellaria baicalensis Georgi), Гашуун банздоо (Saussurrea amara.L), Цэх галуун таваг (Chiazospermum erectum Berh), Өвсөн гүргүм (Carthamus tinctorius.L)-ийн түүхий эдийг ашиглав. Хепаклин-4 жорын түүхий эдээс спиртэн ханд бэлтгэсний дараа мөнгөний нитратын уусмал ашиглан нанопартикль нийлэгжүүлэв. Үр дүн: Мөнгөний нанопартикль нийлэгжин үүсч байгааг өнгөний өөрчлөлт болон спектрофотометрийн шинжилгээгээр баталгаажуулав. Хепаклин-4 жорын хандад суурилсан мөнгөний нанопартикль нийлэгжиж буйг ургамлын түүхий эд тус бүрээр ажиглахад цайвраас гүн хүрэн өнгө бүхий янз бүрийн өнгөний өөрчлөлт ажиглагдав. Спектрийн шинжилгээгээр үнэлэхэд урвалын хугацаа нэмэгдэх тусам гэрлийн шингээлтийн утга нэмэгдэж байгаа нь хандад суурилсан мөнгөний нанопартикль үүсч байгааг харуулж байна. Байгал гүүнхөхийн хандад суурилсан мөнгөний нанопартиклийн хэмжээг хөндлөн огтлолоос харахад 27.98 нм, Гашуун банздоогийн хандад суурилсан мөнгөний нанопартикль 32.02 нм, Цэх галуун тавгийн хандад суурилсан мөнгөний нанопартикль 39.84 нм, Өвсөн гүргэмийн хандад суурилсан мөнгөний нанопартикль 24.62 нм хэмжээтэй байв. Эдгээр үр дүнд үндэслэн бид ургамалд суурилсан мөнгөний нанопартиклийг амжилттай гарган авлаа. Дүгнэлт: Хепаклин-4 жорын найрлага дахь ургамлын хандад суурилсан мөнгөний нанопартиклийг нано-хэмжээс тогтоогч багажаар үнэлэхэд 24-39 нм хэмжээтэй мөнгөний нанопартиклиуд тодорхойлогдов.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо, Ц.Алтансүх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
