Чамархайн эпилепсийн үеийн танин мэдэхүйн бууралт, нөлөөлөх зарим хүчин зүйлийг судалсан дүн
Түлхүүр үг:
Зан төрхийн өөрчлөлт, Ой тогтоолт, Уналтын давтамж, Гэмтлийн дараах эпилепсиХураангуй
Үндэслэл: Эпилепсийн эмнэлзүйн хэлбэрүүдээс хэсэгчилсэн эпилепси 60%, үүнээс чамархайн эпилепси 40%-ийг эзэлдэг болохыг судлаачид тэмдэглэжээ.1 Эпилепсийн үед танин мэдэхүй, хэл яриа, анхаарал, гүйцэтгэх үйл, ойн алдагдал түгээмэл илэрдэг. Аль ч хэлбэрийн эпилепсийн үндсэн шинж тэмдэг нь уналт таталт бөгөөд уналтын эсрэг эм удаан хэрэглэх, уналтын давтамж ихсэхийн хэрээр ой тогтоолт, танин мэдэхүй, өдөр тутмын өөртөө үйлчлэх чадвар буурах, амьдралын явцад эзэмшсэн мэдлэг, чадвар, туршлагаа алдан улмаар зан төрхийн өөрчлөлт үүсэх нөхцөл бүрддэг байна.2 Зорилго: Эпилепсийн үеийн зан төрхийн өөрчлөлт, танин мэдэхүйн бууралт, түүний онцлог шинж, танин мэдэхүйн бууралтанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах. Aрга, аргачлал: Бид энэхүү судалгааг нэг агшингийн загвараар СЭМҮТийн хяналтны 337 эпилепситэй үйлчлүүлэгчдийн уналтын ерөнхий хэв шинж, зан төрхийн өөрчлөлт, түүнээс чамархайн эпилепситэй 50 үйлчлүүлэгчийн уналтын талаарх мэдээлэл, танин мэдэхүйн бууралтыг судлах асуумжийн дагуу хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд тархины цахилгаан бичлэгийн шинжилгээнд эпилепсийн идэвхижил чамархайн холболтод илэрч буйг үндэслэл болгон түүвэрлэхэд нийт 460 үйлчлүүлэгчээс 50 (10.8%) нь судалгаанд хамрагдах шалгуурыг хангасан. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 43.78±8.20 жил, уналт эхэлсэн дундаж нас 14.54±9.48 жил, хүйсийн хувьд 26 (52%) нь эрэгтэй, 24 (48%) нь эмэгтэй байв. Танин мэдэхүйн өөрчлөлтөөс ой тогтоолт буурах (66%), анхаарал төвлөрөлт буурах (52%) шинжүүд илүүтэй илэрч байсан ба ой тогтоолт муудахад нөлөөлөх хүчин зүйлсийг судлахад нас нэгээр нэмэгдэхэд ой тогтоолт муудах эрсдэл 1.31%-иар ихэсч байв (P=0.04). Дүгнэлт: Чамархайн эпилепсийн үед танин мэдэхүйн бууралт зонхилон тохиолдох ба ой тогтоолт буурах (66%), анхаарал төвлөрөлт буурах (52%) шинжүүд илүү давамгайлж, ой тогтоолт муудахад үйлчлүүлэгчийн нас гол нөлөөтэй байгаа нь тодорхойлогдов. Мөн уналтын давтамж олон байх нь зан төрхийн өөрчлөлт үүсгэх эрсдэлт хүчин зүйл болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн, А.Товуудорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
