Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдийн чанарын судалгааны зарим үзүүлэлтүүд
Түлхүүр үг:
Жамъянмядаг, Флавоноид нэгдэл, Полифенолт нэгдэл, Түүхий эд, Эмийн ургамалХураангуй
Үндэслэл: Хүн төрөлхтөн эрт дээр үеэс ургамал, амьтан, эрдсийн гаралтай бүтээгдэхүүнээр аливаа өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Судлаачдын тогтоосноор Жамъянмядаг цэцгийн 30 гаруй зүйл байдгаас манай оронд гурван зүйл Азийн Жамъянмядаг (Trollius Аsiaticus L.), Алтайн Жамъянмядаг (Trollius Altaicus L.), Ледербурын Жамъянмядаг (Trollius Ledebouri L.) ургадаг.1 Тус ургамлыг уламжлалт анагаах ухаанд амьсгалын дээд замын халдвар, фарингит, тонзилит, бронхит, хорт хавдар гэх мэт өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсэн.2-4 Манай оронд Жамъянмядаг (Trollius L.) зүйл ургамлын талаарх химийн бүрэлдэхүүн, биологийн идэвхт нэгдлүүдийг тодорхойлсон судалгааны ажил, хэвлэлийн тойм хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Азийн Жамъянмядаг (Trolius Asiaticus L.) эмийн ургамлын газрын дээд хэсгийн түүхий эдийн чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Ургамлын түүхий эдийн чанарын үзүүлэлтүүдийг Монгол Улсын Үндэсний Фармакопеи (МУҮФ) аргачлалын дагуу, зарим биологийн идэвхт нэгдлийн чанарын шинжилгээг нимгэн үет хроматографийн аргаар (НҮХ), биологийн идэвхт бодисын тоон шинжилгээг спектрофотометрийн аргаар тодорхойлов. Үр дүн: Ургамлын түүхий эдийн чанарыг МУҮФ-н аргын дагуу үнэлэхэд чанарын шаардлага хангаж байв. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдэд полифенолт нэгдлийн чанарын шинжилгээг явуулахад стандарт бодис болох галлийн хүчилтэй ижил түвшинд RF=0.72 бүхий толбо илэрсэн, флавоноид нэгдлийн чанарын шинжилгээг явуулахад стандарт бодис болох рутинтэй ижилд түвшинд RF=0.68 бүхий толбо илэрсэн. Нийлбэр полифенолт нэгдлийг тодорхойлоход цэцгэнд 4.23%±0.02, иш навчинд 2.44%±0.007, нийлбэр флавоноид нэгдлийг тодорхойлоход цэцгэнд 0.94%±0.008, иш навчинд 0.676%±0.001 байлаа.6 Дүгнэлт: Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын түүхий эдийн чийглэг, үнслэг, микробиологийн үзүүлэлтүүд нь МУҮФ-н чанарын шаардлагыг хангаж байв. Нимгэн үет хроматографийн шинжилгээгээр тус ургамлын түүхий эдэд полифенолт нэгдэл болох Галлийн хүчил, флавоноид нэгдэл болох Рутин агуулагдаж байлаа. Азийн Жамъянмядаг (Trollius Asiaticus L.) ургамлын цэцгэнд нийлбэр полифенолт нэгдэл 4.23%±0.02, иш навчинд 2.44%±0.007, ургамлын цэцгэнд нийлбэр флаваноид нэгдэл 0.94%±0.008, иш навчинд 0.676%±0.001 тус тус байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Буянхишиг, Ц.Ариунтуяа, Х.Даариймаа, Д.Даваадагва
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
