Нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөн, хөдөлгөөний хяналт болон чадвар алдагдлыг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Нурууны өвдөлт, Хөдөлгөөний хязгаарлалт, Хөдөлгөөн засалХураангуй
Үндэслэл: Нурууны өвдөлт нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд 10 хүний 8 нь амьдралынхаа туршид их, бага хэмжээгээр нурууны өвдөлтөнд өртөж байгаа талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Нурууны нийт өвдөлтийн 85 орчим хувь нь булчингийн чангарал, хатуурал, хэт ачааллын улмаас үүсдэг талаар судлаачид тэмдэглэсэн байна. Мөгөөрсөн жийргэвчийн эмгэг, мэдрэлийн ёзоорын дарагдал, зарим хугаралууд болон хавдар зэрэг тохиолдлууд 15 орчим хувийг эзэлж байна1. Нурууны өвөрмөц бус өвдөлт нь харьцангуй түгээмэл тохиолдох бөгөөд хэт ачаалал болон чангарал нь буруу байрлалтай удаан суух, хүнд юм өргөх, нэг хөдөлгөөнийг олон дахин давтан хийх, удаан зогсох зэргээс үүдэлтэй талаар олон тооны судалгаанд дурьджээ. Sullivan O (2005) нарын тодорхойлсноор нурууны өвдөлтийн үед багана нурууны хөдөлгөөний бууралт, хөшүүн байдал нэмэгдэх зэрэг нь нурууны өвдөлтийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог2. Харин манай оронд нурууны өвөрмөц бус өвдөлтийн талаар цөөн судалгаа байгаа хэдий ч хөдөлгөөний чадвар алдалтын талаарх судалгааны ажил байхгүй байна. Зорилго: Нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийн үеийн хөдөлгөөн, хөдөлгөөний хяналт болон үйл ажиллагааны чадвар алдалтыг тодорхойлох. Арга, аргачлал: Бид нэг агшингийн судалгааны загвар ашиглан энэхүү судалгааг хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт нурууны өвөрмөц бус архаг өвдөлттэй 18-50 насны 45 оролцогч, нурууны өвдөлтгүй 45 оролцогч нийт 90 хүн хамрагдсан. Нурууны өвдөлттэй болон хяналтын бүлгийн нийт оролцогчдын бүсэлхий нурууны хөдөлгөөний хяналтыг нугалах, тэнийлгэх, эргэх хөдөлгөөнийг тодорхойлох 6 тестийг тус тус ашиглан тодорхойлсон. Мөн нурууны өвдөлттэй бүлгийн хөдөлгөөний чадвар алдалтыг Роланд Моррис үнэлгээг ашиглан тодорхойлсон. Үр дүн: Нурууны өвдөлттэй бүлгийн хөдөлгөөний чадвар алдалт Роланд Моррисын үнэлгээгээр 20.3 (11.5), тайван үеийн өвдөлт 4.3 (1.5) хөдөлгөөн хийх үеийн өвдөлт 5.7 (1.5) байна. Нурууны өвдөлттэй бүлэг болон хяналтын бүлгийн хөдөлгөөний хяналт алдагдлын өөрчлөлт 1.7 (-1.8 to -1.0) буюу (p≤0.05) статистик ач холбогдолтой байлаа. Дүгнэлт: Нурууны өвдөлттэй бүлэгт хөдөлгөөн, хөдөлгөөний хяналт, үйл ажиллагааны чадвар алдагдал илүү өртөж байгаа нь тодорхойлогдож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Батлхам, Б.Дамдиндорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
