Дутуу төрсөн хүүхэд өсгөхтэй холбоотой ээжүүдийн стресс ба нийгмийн дэмжлэгийн харилцаа хамаарлын судалгаа
Түлхүүр үг:
Эхийн стресс, Нийгмийн дэмжлэг, Дутуу төрсөн хүүхэдХураангуй
Үндэслэл: Хүүхдийг төрсний дараах нэг сар хүртэлх хугацаанд нь зохих эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамруулснаар хэвийн өсөлт хөгжилтэй, эрүүл саруул өсөж торних үндэс болдог. Дутуу төрсөн ээжүүд дутуу төрсөн хүүхдээсээ болж гэмших, түгших, цочрох зэрэг мэдрэмжүүдийг мэдэрдэг ба дутуу төрсөн хүүхэд өсгөн, хүмүүжүүлэх явцад маш олон бэрхшээлтэй тулгарч дутуу төрсөн хүүхэд өсгөхтэй холбоотой стресст илүү өртдөг байна. Эдгээр ээжүүдэд тусламж, итгэл, хайр, нийгмийн дэмжлэг хэрэгцээтэй байна. Дэлхийн цөөнгүй улс орнуудад энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил хангалттай байгаа хэдий ч Монгол улсад дутуу төрсөн хүүхэд өсгөхтэй холбоотой ээжүүдийн стресс ба нийгмийн дэмжлэгийн харилцан хамаарлыг судалсан судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааны ажил хийх үндэслэл боллоо. Зорилго: Дутуу төрсөн хүүхэд өсгөхтэй холбоотой ээжүүдийн стресс ба нийгмийн дэмжлэгийг тодорхойлох. Арга, аргачлал: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хүүхдийн төв сувилалд хэвтэн эмчлүүлж байсан дутуу төрсөн хүүхэдтэй 126 ээжүүдийн боломжит түүврийг хамруулсан. Судалгааны мэдээллийг хүн ам зүйн ерөнхий асуулга болон Parenting Stress Index-Short (PSI) (Kim & Park, 2009) - 36 зүйл бүхий асуулт, Korean Social Support Questionnaire (KSSQ) (Oh, K et al., 2008) - 32(1) зүйл бүхий асуулт ашиглан тоон судалгааны арга дескриптив, корреляцийн судалгааны загвараар гүйцэтгэлээ. Үр дүн: Дутуу төрсөн хүүхэд өсгөхтэй холбоотой ээжүүдийн стрессийн дундаж оноо 83.43(±22.590) байсан нь ээжүүд стресстэй байгааг харуулж байна. Энэ оноо нь хүүхэд өсгөх стресстэй (71-85), стресс авах боломжтой (51-70), өндөр стресс (86 онооноос дээш) ангилалд багтаж байна. Нийгмийн дэмжлэгийн дундаж оноо 160-аас 130.31(±16.819) байгаа нь нийгмийн дэмжлэг харьцангуй өндөр байгааг харуулж байна. Дутуу төрсөн хүүхэд өсгөхтэй холбоотой ээжүүдийн стресс ба нийгмийн дэмжлэг хоорондоо сөрөг, (r=-.427**, p=0.000) хамааралтай байна. Энэ нь нийгмийн дэмжлэг багатай ээжүүдийн хувьд стресс ихтэй байгааг харуулж байна. Дүгнэлт: Бидний судалгааны үр дүнгээр дутуу төрсөн хүүхэд өсгөж байгаа ээжүүд стресстэй байдаг нь тодорхойлогдлоо. Төрөхийн өмнөх сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулснаар хүүхдийг дутуу төрөхөөс урьдчилан сэргийлж, дутуу төрсөн ч төрсний дараах эдгэрэлтийг түргэсгэж, дутуу төрсөн хүүхэд өсгөхтэй холбоотой стрессийг буруулах сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна гэж бид үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
