Хлорфенирамины малеатын удаашруулсан үйлдэлтэй шахмал гарган авах технологи боловсруулах, чанарыг үнэлэх
Түлхүүр үг:
Харшлын эсрэг эм, Матрикс шахмал, Эмийн бодисын чөлөөлөгдөлтХураангуй
Үндэслэл: Хлорфенирамины малеат эмийг харшлын эсрэг эмчилгээний практикт өргөн ашиглаж байна. Хлорфенирамины малеат нь гистамины нөлөөгөөр үүсдэг харшлын урвал болох хамар битүүрэх, найтаах, нулимс гоожих, нүд загатнах, улайх зэрэг шинж тэмдэгүүдийг багасдаг. Уг эмийг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар сайн шимэгддэг бөгөөд хэрэглэснээс хойш 30-60 минутын дараа цусны плазм дахь концентраци дээд хэмжээндээ хүрдэг ба үүнээс үүдэлтэй нойрмоглох, нүд бүрэлзэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Иймд бид эмийн гаж нөлөөг бууруулж, эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөн хэрэглэхэд тохиромжтой удаашруулсан үйлдэлтэй матрикс шахмал гарган авах нь зүйтэй гэж үзэж байна. Зорилго: Хлорфенирамины малеатын удаашруулсан үйлдэлтэй шахмал эм гарган авах технологийг өөрийн орны нөхцөлд боловсруулах, шахмалын чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Нэг шахмалд хлорфенирамины малеат 12 мг агуулагдахаар тооцож тохирох дүүргэгч бодисоор микрокристалл целлюлоз болон натрийн дигидрофосфат (2 молекул устай)-ыг, холбогч бодисоор цэвэршүүлсэн усыг, гулсуулагч тослох бодисоор тальк, магнийн стеаратыг, (матрикс үүсгэгчээр гидроксипропил метилцеллюлоз К-4М, гидроксипропил метилцеллюлоз Е-5М)-ыг өөр өөр харьцаагаар авч, чийгтэй мөхлөгжүүлэх аргаар туршилтын 4 загвар шахмал гарган авсан. Шахмалын чанарыг гадна байдал, бат бөх чанар, эмийн бодисын агууламж, тунлалтын нэгэн төрлийн чанар, уусалт, микробиологийн үзүүлэлтээр Монгол Улсын Үндэсний Фармакопей (МУҮФ) болон Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын фармакопейн аргаар тодорхойлов. Үр дүн: Туршилтын С2, C4 загварын шахмал нь фармакопейн шаардлага хангаж байлаа. Эмийн бодисын чөлөөлөгдөлтийг in vitro нөхцөлд тодорхойлоход С4 загварын шахмал 3, 6,12 цагийн дараа 45.3%, 66.3%, 96.2% чөлөөлж байсан нь хамгийн тохиромжтой болохыг тогтоолоо. Хэлцэмж: Бид хлорфенирамины малеат агуулсан удаашруулсан үйлдэлтэй матрикс шахмал гарган авах судалгааны дүнд чийгтэй мөхлөгжүүлэх технологийн аргаар гарган авах нь тохиромжтой болохыг тогтоосон ба энэ нь Судлаач Д.Отгонсүрэн, Д.Жамбанинж, Д.Даваадагва нарын Чихэр өвсний үндэснээс матрикс шахмал эм гарган авах технологийн судалгаагаар матрикс шахмалыг чийгтэй мөхлөгжүүлэх аргаар гарган авсан технологийн аргатай адил байна. Бидний гарган авсан С4 загварын матрикс шахмалын эмийн бодисын чөлөөлөгдөлт нь 3 цагт 45.3%, 6 цагт 66.3%, 12 цагт 96.2% байгаа нь АНУ-ын фармакопейн шаардлагатай нийцэж байна. Дүгнэлт: Хлорфенирамины малеатын удаашруулсан үйлдэлтэй матрикс шахмалыг С4 загварын найрлагаар, чийгтэй мөхлөгжүүлэх аргаар гарган авах нь тохиромжтой болохыг тогтоолоо. Хлорфенирамин малеатын удаашруулсан үйлдэлтэй С4 загвар шахмал нь гадна байдал, дундаж жин, бат бөх чанар, үйлчлэгч бодисын агууламж болон эмийн бодисын чөлөөлөгдөлт, микробиологийн үзүүлэлтээр чанарын шаардлага хангаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва, Д.Жамбанинж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
