Соронзон резонанст томографийн T2, DWI, ADC дарааллуудаар умайн хүзүүний хорт хавдрыг оношлох асуудалд
Түлхүүр үг:
Умай хүзүүний хорт хавдар, Соронзон резонанст томографи, Хими туяа хавсарсан эмчилгээ, Нэвчилтээр жинэлэгдсэн дараалал, Илэрхий нэвчилтийн коэффициентХураангуй
Үндэслэл: Манай улсад умайн хүзүүний хорт хавдар (УХХХ) нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын дотор тархалтаараа элэгний хавдрын дараа буюу 2-рт ордог бөгөөд 2021 онд 312 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өвчлөлийн хувьд 100 000 хүн амд 19.1 тохиолдож байна. Соронзон резонанст томографи (СРТ) нь УХХХ-ын байрлал, хэмжээ, тархалт болон ойролцоох эрхтэн дэхь нэвчилтийг үнэлэхэд харьцангуй мэдээлэл сайтай, эмчилгээний тактикийг боловсруулахад чухал ач холбогдолтой шинжилгээнүүдийн нэг юм. Манай орны хувьд УХХХ-н тохиолдол болон нас баралт өндөр, түүнчлэн УХХХ-ын дүрс оношилгоо, тэр дундаа СРТ-ийн оношилгооны талаар судалгааны ажил харьцангуй ховор байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: СРТийн мэдрэг дарааллуудаар умайн хүзүүний хорт хавдрыг оношлох, хими-туяа хавсарсан эмчилгээ (ХТХЭ)-ний үр дүнг судлах. Арга, аргачлал: Бид 2018-2022 оны хооронд “Мед травма” эмнэлгийн Дүрс оношилгооны тасагт бага аарцгийн СРТ хийлгэсэн 155 үйлчлүүлэгчийн мэдээлэлд ретроспектив аргаар судалгаа хийсэн. Үр дүн: Судалгаанд 28-89 насны нийт 155 хүн хамрагдсан бөгөөд дундаж нас 52.66±12.06 жил байв. 58-аас дээш насны шинжлүүлэгч хамгийн их буюу 55%-ийг эзлэж байв. УХХХ-ын оношилгооны нарийвчлал Т2 дараалалд 72.9%, тодосгогч тарьсны дараах Т1 дараалалд 84.9%, Т2 болон тодосгогчтой Т1 дараалал хавсрахад 84.9%, Т2 болон нэвчилтээр жинэлэгдсэн дараалал (НДЖ)-уудыг хавсрахад 92.2% буюу хамгийн мэдрэг байлаа. Т2 болон НДЖ-г хавсруулан хэрэглэх нь статистик ач холбогдолтой буюу р утга <0.05 байв. УХХХ-тай шинжлүүлэгч ХТХЭ-д орж эмчилгээ үр дүнтэй хийгдсэн тохиолдолд илэрхий нэвчилтийн коэффициент (ИНК)-ийн тоон үзүүлэлт өсөж байсан бөгөөд энэ нь статистик ач холбогдолтой байлаа. ХТХЭ-нд үр дүн өгөөгүй тохиолдлуудын эмчилгээний өмнөх ба эмчилгээний дараах ИНК-ын дундаж нь ойролцоо байсан бөгөөд р утга<0.05 байв. Хавдрын ургалтын хэлбэр наснаас хамаарч байсан ба энэ нь статистикийн үнэн магадлалтай байлаа. Дүгнэлт: УХХХыг илрүүлэхэд СРТ-ийн Т2 болон НЖД-ыг хавсран хэрэглэхэд оношилгооны нарийвчлал 92.2% байна.СРТ-ийн ИНК-ийн тоон ба чанарын үзүүлэлт нь умайн хүзүүний хорт хавдрын ХТХЭ-ий үр дүнг үнэлэх гол шалгуур болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Мэндсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
