Насанд хүрэгчдийн гавлын хажуугийн рентген зургийн шугаман хэмжилтийн үзүүлэлтүүдийг хүйсээр харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Гавлын хажуугийн рентген зураг, Шугаман хэмжилт, Насанд хүрэгч, Дундаж үзүүлэлтХураангуй
Үндэслэл: Гавлын хажуугийн рентген зураг (ГХРЗ) нь эрүү нүүрний ясны гажгийн харьцаа, байрлал, хэмжээ болон шүдний гажгийг илрүүлэх, ялган оношлох мөн эрүү хоншоорын өсөлт хөгжлийг судлах, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, эмчилгээний үр дүнг хянахад чухал ач холбогдолтой гажиг заслын оношилгооны нэгэн арга юм. Харин манай оронд насанд хүрэгчдийн ГХРЗ-н өнцгийн хэмжилтүүд хангалттай хийгдсэн хэдий ч шугаман хэмжилт дутмаг байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Харьцангуй хэвийн зуулттай насанд хүрэгчдийн ГХРЗ-н шугаман үзүүлэлтүүдийг хүйсээр харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн 3-6 дугаар дамжааны болон “Их Засаг” олон улсын их сургуулийн 1-4 дүгээр дамжааны нийт 248 оюутанд амны хөндийн үзлэг хийж судалгаанд хамруулах шалгуурыг хангасан харьцангуй хэвийн зуулттай нийт 60 оюутныг сонгон ГХРЗ-г авч, ГХРЗ-т шугаман ясны 8, шүдний 6, нийт 14 үзүүлэлтийг БНСУ-н WebCeph зургийн анализын программ ашиглан тодорхойллоо. Судалгааны үр дүнг статистикийн SPSS 23.0 программ хангамжийг ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 60 хүний 50% (30) нь эрэгтэй, 50% (30) нь эмэгтэй байсан ба дундаж нас эрэгтэйд 21, эмэгтэйд 23 байв. ГХРЗ-н шугаман хэмжилтийг хүйсээр харьцуулан судлахад гавлын суурийн урд болон ард хэсгийн урт, нүүрний урд болон ард өндөр, хоншоор, эрүүний урт, эрүүний салааны өндөр мөн шүдний шугаман хэмжилтүүд нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа. Харин Wits appraisal болон хоншоор, эрүүний үүдэн шүдний босоо чиглэлийн зөрүү (OB) хүйсийн хувьд статистик ач холбогдолгүй байлаа. Дүгнэлт: ГХРЗ-н шугаман хэмжилтийн үзүүлэлтийг хүйсээр харьцуулан судлахад эрэгтэйчүүдэд гавлын суурийн урд болон ард хэсгийн урт, нүүрний урд болон арын өндөр, хоншоорын урт, эрүүний их биеийн болон салааны өндөр зэрэг нь илүү урт гарсан ба энэ нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Од
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
