SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлэхэд ашиглаж буй нуклейн хүчил ялгах аргуудыг харьцуулан судалсан нь

Зохиогчид

  • Ж.Тэмүүлэн АШУҮИС, Био-АС Зохиогч
  • Г.Чимэдлхамсүрэн АШУҮИС, Био-АС, Молекул биологи Удамзүйн тэнхим Зохиогч
  • Ц.Наранзул ХӨСҮТ, Вирус судлалын лаборатори Зохиогч
  • Б.Номин-Эрдэнэ Сүхбаатар Дүүргийн Эрүүл Мэндийн төв Зохиогч
  • Э.Ариунгэрэл Баянзүрх Дүүргийн Эрүүл Мэндийн төв Зохиогч
  • Н.Тэмүлүн Юнимед эмнэлэг Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Био-АС, Молекул биологи Удамзүйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

SARS-CoV-2, Нуклейн хүчил ялгах арга, БхУТ-ПГУ, Цомог, Ст утга

Хураангуй

Урвуу транскриптазит бодит хугацааны полимеразын гинжин урвал (БхУТ-ПГУ)-аар SARS-CoV-2 вирусын халдварыг илрүүлэхэд цэврээр ялгасан нуклейн хүчлийн гарц өндөр, цэвэршилт сайн, саатуулагчийн агууламжгүй байх зэрэг нь шинжилгээний хариу алдаагүй, үнэн зөв гарахад чухал ач холбогдолтой.1 Манай орны эмнэлзүйн молекул оношилгооны практикт вирусын нуклейн хүчлийг цэврээр ялгах хэд хэдэн үйлдвэрлэгчдийн ялгаатай цомог, төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Бид ийнхүү өөр өөр нуклейн хүчил ялгах аргуудыг ашиглах нь шинжилгээний үр дүн ба оношийн үл тохироонд нөлөөлөх хүчин зүйл болох боломжтой хэмээн таамаглаж энэхүү судалгааг хийлээ. Судалгааны ажлын зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмнэлзүйн лабораториудад SARSCoV-2-ийг илрүүлэхэд ашиглаж буй нуклейн хүчил ялгах аргуудыг харьцуулахад оршино. Судалгаанд SARS-CoV-2 эерэг 13, сөрөг 1 сорьц ашигласан. Бид хаалттай систем бүхий 5 ялгаатай автомат нуклейн хүчил ялгах төхөөрөмжүүдээр ялгасан нуклейн хүчилд хийгдсэн бхПГУ-ын шинжилгээний үр дүн ба Cт утгыг харьцуулсан. Статистик боловсруулалтанд ROC муруйн анализ, Фриедманы тест ба Манн Увитней Ю тест ашиглав. М12 аргаар ялгасан нуклейн хүчлийн сорьцуудад SARS-CoV-2-ийн бай дарааллуудын Cт утга харьцангуй бага тодорхойлогдсон. ROC муруйн анализаар сорьцын хариу ба ялгасан нуклейн хүчилд хийгдсэн бх-ПГУ-ын үр дүн судлахад M12 (AUC=1.00; 95% ИИ, 0.968-1.00) ба S48 (AUC=0.991; 95% ИИ, 0.951-1.00) аргууд харьцангуй өндөр нийцэмжтэй байлаа. Бидний судалгааны үр дүн M12 ба S48 аргуудаар ялгасан нуклейн хүчилд бх-ПГУ-ын Cт утга бага, AUC харьцангуй өндөр буюу уг аргууд нь өндөр үр ашигтай байгааг харуулж байна. Судалгаагаар харьцуулсан нуклейн хүчил ялгах аргуудын үр ашиг ялгаатай байгаа нь өөр өөр нуклейн хүчил ялгах арга ашиглах нь шинжилгээний үр дүнд нөлөөлөх хүчин зүйл болж буйг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Г.Чимэдлхамсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл