Эхийн жирэмсэн үеийн Д аминдэмийн хэрэглээ ба хүүхдийн амьсгалын замын өвчлөл
Түлхүүр үг:
Д аминдэм, Уушгины хатгаа, Гүйлсэн булчирхайн үрэвсэл, ХүүхэдХураангуй
Үндэслэл: Хүүхдийн цусны Д аминдэмийн хэмжээ нь эхийн жирэмсэн үеийн Д аминдэмийн түвшинтэй шууд хамааралтай байдаг. Судлаачид жирэмсний хугацаанд Д аминдэм хэрэглэсэн эхийн хүүхэд амьсгалын замын өвчнөөр өвдөх эрсдэл 2–3 дахин буурч болох таамаглалыг дэвшүүлжээ. Гэвч жирэмсэн үеийн Д аминдэмийн хэрэглээ ба хүүхдийн амьсгалын замын өвчлөл хоорондын хамаарал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлсон эмнэлзүйн судалгаа цөөн байна. Зорилго: Эхийн жирэмсэн үеийн Д аминдэмийн хэрэглээ ба хүүхдийн амьсгалын замын өвчлөл хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг “Жирэмсэн эмэгтэйчүүдэд Д аминдэм уулгаснаар цусан дахь кальцидиолын түвшинг нэмэгдүүлэх эмнэлзүйн судалгаа”-ны дата баазыг түшиглэн ретроспектив байдлаар судалсан. Эхийг жирэмсний 12-14 долоо хоногт бүртгэж, 3 бүлэгт санамсаргүй байдлаар хуваарилж судалгааны бэлдмэлийг өгсөн. Судалгааны бэлдмэл нь 600 ОУН/өдөр, 2000 ОУН/өдөр, 4000 ОУН/өдөр тунтай Д аминдэмүүдийг тус тус ашиглаь. Амьсгалын замын өвчлөлийг уушгины хатгалгаа (эмчийн онош), гүйлсэн булчирхайн үрэвсэл (эхийн өгүүлэмж)-ээр хэмжсэн. Статистик анализыг IBM SPSS 28.0 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд 18–43 насны 313 жирэмсэн эхийг хамруулсан, судалгааны 3 бүлгийн (600 ОУН, 2000 ОУН, 4000 ОУН) харьцаа 1:1:1 байна. Хүүхдийн гүйлсэн булчирхайн үрэвслээр өвдөх эрсдэл 2000 ОУН Д аминдэм хэрэглэсэн бүлэгт 4000 ОУН Д аминдэм хэрэглэсэн бүлэгт 18.9%-иар өндөр байв (B=1.18, 95.0% ИИ: 0.67 – 2.09). Жирэмсэн эх нь 600 ОУН өдөр тунгаар Д аминдэм хэрэглэсэн бүлэгт хүүхэд уушгины хатгаагаар өвдөх эрсдэл 4000 ОУН тунгаар хэрэглэсэн бүлгээс 1.6 дахин өндөр байна. Дүгнэлт: Эхийн жирэмсэн үеийн Д аминдэмийн уух тун өндөр буюу 4000 ОУН байх нь хүүхэд уушгины хатгаа, гүйлсэн булчирхайн үрэвслээр өвдөх эрсдэлийг бууруулсан байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
