Туршилтийн амьтанд үүсгэсэн шархны хугацаанаас хамаарсан бүтцийн өөрчлөлтийг эдийн гистамины илрэлээр тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Шарх, Хугацаа, Бүтэц зүйн өөрчлөлт, ГистаминХураангуй
Шархыг нөхөн сэргээх чухал чанар нь эсийн нарийн төвөгтэй бүрдэл бөгөөд эдгэрэлтийн явцыг үнэлэх урьдчилсан шалгуур болж чаддаг. Энэ үйл явцад шигүү мөхлөгт эсүүд чухал байрыг эзэлдэг ба эсүүд нь зөвхөн гэмтсэн бүсийн судасны урвалыг төдийгүй шарх дах дархлаа, хамгаалалт, нөхөн төлжих үйл явцын зохицуулагч юм. Бид шархны үүссэн хугацаанаас хамаарч гистамин болон бүтцийн онцлогыг судлах зорилго тавьж шарх үүссэнээс хойш 1, 2, 3, 4, 6, 8 дах цагууд дах эдийн бүтэц зүйн өөрчлөлт, гистамин, шигүү мөхлөгт эсийн онцлогыг тодорхойлох, шархны бүтэц зүйн өөрчлөлт, гистамин, шигүү мөхлөгт эсийн онцлогыг үүссэн хугацаанаас хамааруулан судлах зорилттойгоор судалгааг гүйцэтгэв. Судалгааг C57BL/6J үйлдвэрийн хулганы хүзүүний арын хэсгийн арьсанд шарх үүсгэн 1, 2, 3, 4, 6, 8 дахь цагуудад эдийн дээж авч нэг хэсгийг лаан цутгамал бэлтгэн үндсэн будгаар будах, үлдсэн хэсгийг хөлдөөгч микротомоор зүсч ортофталийн альдегидтай урвалд оруулж имидазолилэтиламины нэгдэл үүсгэж люминесцентэд бичил харуурт харав. Эдэд гистамин их хэмжээгээр агуулагдвал шар, дунд хэмжээгээр бол ногоон, бага хэмжээгээр бол цэнхэр өнгөөр гэрэлтэнэ. Эдийн бүтэц 1-8 цагийн дагуу бүтцээ алдаж үхжилийн зураглал тод болох, судсууд өргөсч цусаар дүүрч, цагаан эсүүд судасны ханад захлан улмаар бүтцээ алдсан эдийн голомт руу миграци хийх, эдийн завсар аажим ихсэж хөхлөг давхрага мэдэгдэхгүй болох, шигүү мөхлөгт эсүүд үндсэн будагт тод будагдаж аажим бүдгэрэх, цагаан эсийн тоо аажим буурах зүй тогтол ажиглагдаж байна. Ортофталийн альдегидийн урвал 1-2 цагт шар өнгийн илэрэлтэй, 3 дах цагаас ногоон өнгөтэй, 4 дэх цагт бүдгэрч 6 дах цагт цэнхэр өнгөтэй, 8 дахь цагт урвалгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
