Тархины чимээгүй шигдээсийн шалтгаан, эрсдэлийн хүчин зүйл соронзон резонанст томографийн шинжилгээгээр илрэх өөрчлөлтийг судласан нь
Түлхүүр үг:
Тархины харвалт, Эрсдэлт хүчин зүйл, Тохиолдол-хяналтын судалгааХураангуй
Үндэслэл: Тархины чимээгүй шигдээс (ТЧШ) нь эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр тархины судас бөглөрсний улмаас үүсэх харвалт юм. Чимээгүй шигдээсийг шинж тэмдэгт тархины харвалт, улмаар судасны шалтгаант тэнэгрэлийн өмнөх үе шат хэмээн тодорхойлж байна. Артерийн гипертензи, чихрийн шижин, тамхидал, хиперлипидеми, зүрхний эмгэг зэрэг зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс нь ТЧШ-ийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Зорилго: Харьцангуй эрүүл насанд хүрсэн хүн амд ТЧШ-ийн эрсдэлт хүчин зүйлсийг судлахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд 2021 оны 5-р сараас 2021 оны 12-р сарын хугацаанд УНТЭ-д тархины соронзон резонансын томографи (СРТ) шинжилгээнд хамрагдсан харьцангуй, эрүүл насанд хүрсэн 105 (дундаж нас 54.28±10.04, эрэгтэй:эмэгтэй=35:70) хүнийг 2 бүлэгт хувааж (тохиолдлын ба хяналтын), ТЧШ-ийн эрсдэлт хүчин зүйлсийг ярилцлага, эмнэлзүйн үзлэг, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээр харьцуулан авч үзэв. ТЧШ-ийн эрсдэлт хүчин зүйлсийг Пирсоны хиквадрат тест, t-тест, олон хувьсагчийн дүн шинжилгээнд олон хүчин зүйлийн ложистик регрессийн дүн шинжилгээгээр тодорхойлсон. Үр дүн: Нийт 45 өвчтөнд 395 чимээгүй шигдээсийн голомт илэрснээс 1 см диаметртэй 345, 1-2 см 48, 2-3 см диаметртэй 2 тус тус байв. Чимээгүй шигдээс тархины суурийн зангилаанд давамгайлан байршиж, ховдол орчмын цагаан бодис, тархины гадар, таламус, бага тархинд тус тус удаалав. Ахимаг нас, артерийн гипертензи (OR 4.01, CI 95%, 1.76-9.01, р=0.001), зүрх судасны эмгэг (OR 7.31, CI 95%, 1.83-6.51, р=0.051), өлөн үеийн глюкоз, глюкозжсон гемоглобины (HbA1c) өндөр түвшин нь нэг хүчин зүйлийн дүн шинжилгээгээр ТЧШ-ийн эрсдэл байв. Олон хүчин зүйлийн дүн шинжилгээнд удамд судасны эмгэгтэй байх нь (OR 2.55, CI 95%,1.38-6.74, р=0.049) ТЧШ-ийн бие даасан эрсдэлт хүчин зүйл болж, согтууруулах ундааны зохистой хэрэглээ нь ТЧШ-ээс хамгаалах хүчин зүйл болох нь тогтоогдов. Дүгнэлт: Ахимаг нас, артерийн гипертензи, удамд судасны эмгэгтэй байх нь ТЧШ-тэй холбоотой байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
