Ковид 19 өвчний үед захын цус болон бүлэгнэлтийн шинжилгээнд гарах өөрчлөлтийг судлах нь
Түлхүүр үг:
Нейтрофил лимфоцитын харьцаа, Улаан эсийн тархалтын өргөн, Д димер, Зориуд идэвхжүүлсэн тромбопластинХураангуй
Ковид 19 өвчний тавиланг таамаглах, хүндрэлийг илрүүлэх, өртөг хямд, стандартад нийцсэн оношлогооны үзүүлэлтүүдийг судлах шаардлагатай байна. Судалгаанд 397 эмчлүүлэгчийг санамсаргүй түүврээр хамруулан асуумж, бодит үзлэг, лабораторийн шинжилгээ бүхий маягтаар мэдээллийг эргэмж байдлаар цуглуулж өвчний хүндийн зэргээр харьцуулан үнэлэв. Нийт эмчлүүлэгчдийн 202 (50.9%) эрэгтэй, 195 (49.1%) эмэгтэй дундаж наслалт 49.9±18.25 жил байв. Өвчний хүндийн зэргээр 120 (30.2%) нь хөнгөн, 112 (28.2%) нь хүндэвтэр, 162 (40.8) нь хүнд, 3 (0.7%) нь нас барсан байв. Өвчин хүндрэх тусам цагаан эс, нейтрофил, нейтрофил лимфоцитын харьцаа (НЛХ), ялтас лимфоцитын харьцаа (ЯЛХ), улаан эсийн тархалтын өргөн (УЭТӨ)ний дундаж хэмжээ ихсэж байсан бол лимфоцит, эозинофил, улаан эс, гемоглобин, гематокритын дундаж илэрхий багассан байна (P<0.05). Цус бүлэгнэлтийн шинжилгээнд өвчин хүндрэх тусам протромбины хугацаа, зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа илт уртассан байв. Д димер хүнд бүлэгт (1.81±2.00) нас барсан бүлэгт (4.02±0.12) болж ихэссэн байна (p-0.029). Оношлогооны таамаглах болон тайлбарлах чадвар НЛХ хамгийн сайн талбайг харуулж байна. НЛХ нь AUC 0.849, Cut-off 2.5, өвөрмөц байдал 86.3%, мэдрэг байдал 45% байлаа. Ковид 19 өвчний үед захын цусны НЛХ нь хүндрэлийг илрүүлэх мэдрэг өртөг багатай шинжилгээ байж болох юм. Цус бүлэгнэлтийн шинжилгээнд протромбины хугацаа болон зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа, Д димерыг үнэлэх нь өвчний даамжралтыг тодорхойлох чухал үзүүлэлт болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: О.Пүрэвжал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
