Астматай өвчтний эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын үр дүн

Зохиогчид

  • Г.Түмэн-Өлзий АШУҮИС, АУС, Уушги Харшил судлалын тэнхим Зохиогч
  • Д.Дэнсэнбал АШУҮИС, АУС, Уушги Харшил судлалын тэнхим Зохиогч
  • Д.Удвал АШУҮИС, АУС, Уушги Харшил судлалын тэнхим Зохиогч
  • Б.Солонго АШУҮИС, АУС, Уушги Харшил судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Мэдлэгийн түвшин, Астмын хяналт, Амьдралын чанар, Ингаляци эм

Хураангуй

Орчин үед астма бүрэн хянагдаж чадахгүй байгаа нь эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Астма нь хянагдах, эмчлэгдэх бүрэн боломжтой өвчин ба астматай хүмүүсийн эмчилгээний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол өвчтний эрүүл мэндийн боловсрол, эмч өвчтний түншлэл, хамтын ажиллагаа юм. Зорилго: Астматай хүмүүсийн мэдлэгийн түвшин астмын хяналт ба өвчтний амьдралын чанарт хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн аргаар хийж гүйцэтгэв. Астма өвчний талаарх мэдлэгийг Австралийн Newcastle Их сургуулиас боловсруулсан асуумжаар, өвчтнүүдийн амьдралын чанарыг “Сиднейн астматай өвчтний амьдралын чанарыг үнэлэх асуумж–Sydney AQLQ”, астмын хяналтын түвшинг “Астмын хяналтын сорил–ACT” тодорхойлов. Үр дүн: Судалгаанд нийт 50 хүн хамрагдсан 84.0% (42) эмэгтэй, 16.0% (8) эрэгтэй, дундаж нас 56.0±10.2 байсан бөгөөд астмаар өвдсөн жил 15.0±12.5, астмын сэдрэл жилд 3 (IQR 1; 6) тус тус байв. Астмын мэдлэгийн түвшин үнэлэхэд сургалтын өмнө 35.2±6.8 оноо, сургалтын дараа 47.5±5.9 оноо (t=12.64, p=0.000*) болж мэдлэгийн түвшин нэмэгдсэн байна. Астмын хяналтын түвшинг тодорхойлоход сургалтын өмнө 82.0% (41) хяналтгүй, 8.0% (4) хэсэгчлэн хянагддаг, 10.0% (5) бүрэн хянагддаг байсан бол сургалтын дараа 38.0% (19); 34.0% (17); 28.0% (14) болж хяналтын түвшин нэмэгдсэн байна. Астматай өвчтний амьдралын чанар сургалтын өмнө 3.3±1.2 оноо, сургалтын дараа 2.1±1.1 оноо (z=-4.81; p<0.001) болж сайжирсан байна. Дүгнэлт: Астматай өвчтнүүдийн мэдлэг хангалтгүй байна. Цацлага эм сорж буй хурд, хүч тохиромжгүй байгаа нь астма хянагдахгүй байхад нөлөөлж байна. Астмын мэдлэг нэмэгдэхэд астмын хяналтын түвшин, амьдралын чанар тус тус сайжирсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Дэнсэнбал, Д.Удвал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2022-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл