Үүрэлсэн үс уналтанд стрессийн хүчин зүйлийн нөлөөлөл
Түлхүүр үг:
Үүрэлсэн үс уналт, Стрессийн үнэлгээХураангуй
Үүрэлсэн үс уналт (ҮҮУ) нь хэсэг газраас үс голомтлон унадаг эмгэг бөгөөд толгойн болон биеийн бүх үс унах хүртэл хүндэрдэг. Энэхүү өвчний шалтгаан эмгэг жам бүрэн гүйцэд тодорхой болоогүй ч гэсэн аутоиммуны шалтгаантай гэж үзэж байгаа. Аутоиммуны эмгэг жамаар явагддаг аливаа өвчин эхлэхээс өмнө нийт өвчтөнүүдийн 80 гаруй хувьд нь сэтгэлзүйн дарамт буюу стресс илэрсэн байдаг. Стресс нь өнчин тархинаас ялгарах Кортикотропин дааврын ялгарлыг ихэсгэж энэ нь шигүү мөхлөгт эсийн мөхлөггүйжил болохыг өдөөдөг. Мөхлөгөөс ялгарсан мэдрэлийн өсөлтийн хүчин зүйл нь үсний гадна углуурга дахь өөрийн P75NTR рецептортой холбогдож эсийн апоптозыг өдөөснөөр үсний ургалтын катаген шатыг идэвхижүүлдэг. Энэхүү судалгаагаар үүрэлсэн үс уналттай хүмүүсийн стрессийн түвшинг үнэлэх зорилго тавьсан. Бид судалгаагаа тохиолдол хяналтын судалгааны загвараар хийсэн бөгөөд тохиолдлын бүлэгт 80 хүн хяналтын бүлэгт 80 хүнийг хамруулан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн судалгааны ёс зүйн хяналтын хорооноос зөвшөөрөл авсны үндсэн дээр “The Holmes and Rahe Stress Scale” асуумжыг ашиглан судалгаанд оролцогчын стрессийн түвшинг үнэлсэн. Судалгааны үр дүнд үс уналттай бүлгийн стрессийн дундаж оноо 212.7±127.6 харин хяналтын бүлгийн стрессийн дундаж оноо 114.4±96.8 эрүүл бүлгээс ач холбогдол бүхий (p<0.001) их байсан. Эмнэлзүйн хөнгөн зэргийн стрессийн дундаж оноо 153±118.1, дунд зэргийн стрессийн дундаж оноо 240.2±120.9, хүнд зэргийнх 242.4±140.5 байсан. Өвчний зэрэг хүндрэх тусам стрессийн түвшин өндөр харагдаж байгаа нь статистикийн хувьд ач холбогдол бүхий (p=0.048) хамааралтай байсан. Харин үс уналтын үргэлжлэх хугацаа болон давтамж хооронд ялгаатай байдал илэрсэнгүй. Үс уналттай бүлгийн стрессийн түвшин эрүүл бүлгээс ач холбогдол бүхий их мөн өвчин хүндрэх тусам стрессийн түвшин өндөр байгаа нь үс уналтын эмгэг жамд нөлөөлж байна гэж үзэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Дашлхүмбэ
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
