Хавдартай эмчлүүлэгчдийн гэр бүлийн асран хамгаалагчдын амьдралын чанарт нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах нь

Зохиогчид

  • Д.Мөнхжаргал ХСҮТ, УСҮАЭМ Зохиогч
  • Д.Одонтуяа АШУҮИС, АУС, Өрхийн Анагаах Ухааны тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

WHOQOL-BREF аргачлал, Амьдралын чанар, Асуумж, Асран хамгаалагч, Хавдар

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дахинд 2018 онд хавдрын шинэ тохиолдол 18.1 сая бүртгэгдэж, 9.5 сая хүн хавдрын улмаас нас барсан байна. Монгол улсад 2020 онд 6473 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгджээ. Манай улсад нийт хавдрын 78.8% нь 3, 4-р шатандаа оношлогдсоноор хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд шилжиж байна. Монгол улсын “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” Стандарт MNS 2005:5455-д “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь зөвхөн амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөний зовиур, шаналгааг хөнгөвчлөх бус түүний гэр бүл, асран хамгаалагч, ойр дотны хүмүүст сэтгэл зүй, бие махбод, нийгмийн харилцаа болон санхүүд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэж, өвчтөн ба гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой” гэж тусгасан байдаг. Бид тус судалгааны ажлаар хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын амьдралын чанар, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар хотын хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч буй хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын амьдралын чанар, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлсийг судлах. Зорилт: Хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын амьдралын чанарыг WHOQOLBREF-ийн аргаар үнэлэх, асран хамгаалагчдын амьдралын чанарт зарим хүчин зүйлсийн нөлөөлөх байдлыг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүд, “Ногоон гэр”, “Ивээл” хоспис эмнэлгүүдийг түшиглэн аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан 2017 оны 11 сараас 2019 оны 12 сарын хооронд хийж гүйцэтгэв. Судалгаанд түүвэр хүн амаас магадлалт бус зорилтот түүврийн аргаар сонгон 180 асран хамгаалагчдыг хамруулсан. Амьдралын чанарыг ДЭМБ-ийн WHOQOL-BREF аргачлалаар үнэлсэн. Үр дүн: Судалгаанд 20–72 насны 180 асран хамгаалагч оролцсон. Нийт асран хамгаалагчдын 82.8 хувь нь эмэгтэй, 17.2 хувь нь эрэгтэй байв. Асран хамгаалагчдын амьдралын чанар 65.0 хувьтай байна. Асран хамгаалагчдын амьдралын чанарыг бүлэглэн дүгнэхэд хүрээлэн буй орчин 59.9 хувь, нийгмийн харилцаа 69.2 хувь, сэтгэл зүй 70.8 хувь, бие махбод 64.0 хувь байна. Эмчлүүлэгчид өдөрт зарцуулах цаг нэмэгдэхэд асран хамгаалагчдын амьдралын чанар буурч байгаа нь статистик ач холбогдол бүхий үзүүлэлт болж байна (p=0.013). Асран хамгаалагчдын бие махбодын зовиур, шаналгаа нь асаргаа сувилгаа хийх, өдөр тутмын үйл ажиллагаанд нь саад учруулах байдал хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p=0.007). Дүгнэлт: Асран хамгаалагчдын амьдралын чанар 65.0 хувьтай байна. Хүрээлэн буй орчноос хамаарах амьдралын чанар 59.9 хувь буюу хамгийн бага байна. Хавдартай эмчлүүлэгчийг өдөрт 3-аас бага цаг асардаг оролцогчдын амьдралын чанар 72.3±11.9 хувь, 11-ээс дээш цаг асардаг оролцогчдын амьдралын чанар 63.3±10.8 хувь байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл