Монгол Улсад 2015-2020 онд оношлогдсон чихрийн шижин хэвшинж 1-тэй хүүхэд, өсвөр үеийнхний өвчлөл, тархалтын судалгаа
Түлхүүр үг:
Чихрийн шижин хэвшинж 1, Өвчлөл, Тархалт, Хүүхэд, Өсвөр үеХураангуй
Үндэслэл: Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооноос чихрийн шижин хэвшинж 1 (ЧШХШ1)-тэй хүүхэд, өсвөр үеийнхний тоо жилээс жилд ихсэж байгаа ба улс орон бүрт харилцан адилгүй байгаа талаар мэдээлж байна. Манай орны хувьд хүүхэд, өсвөр үеийнхний дунд ЧШХШ1-ийн өвчлөл, тархалтыг тодорхойлсон судалгаа хомс байна. Материал, арга зүй: Бид 2015-2020 оны хооронд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хяналтад байгаа ЧШХШ1-тэй өвчтөний амбулаторийн карт дээрх мэдээллийг эргэмж судалгааны аргаар цуглуулсан. Жил бүрийн өвчлөлийг хүйс, насны бүлгээр тодорхойлж, өвчлөл, тархалтыг 100,000 хүн амд тооцов. Хүйс, насны бүлэг хоорондын өвчлөлийн статистик ялгааг Кохран-Армитаж тест ашиглан, SPSS 22.0 программаар тооцлоо. Үр дүн: Судалгааны хугацаанд нийт 100 хүүхэд шинээр ЧШХШ1-ээр оношлогдсон нь тодорхойлогдсон байна. Хүүхэд насанд тохиолдох ЧШХШ1-ийн өвчлөл 2015-2020 оны хооронд 100,000 хүн амд 0.73-аас 2.28 болж өссөн байна (p=0.001). Хүүхэд, өсвөр үеийнхний нийт өвчлөл 100,000 хүн амд 1.4 байна. Охид (100,000-д 1.6)д өвчлөл хөвгүүд (100,000-д 1.22)-ээс илүү тохиолдож байна (p=0.007). Оношлогдсон насны хувьд 10-14 насны бүлэгт хамгийн их бүртгэгджээ. ЧШХШ1-ийн тархалт сүүлийн 6 жилийн хугацаанд 100,000 хүүхдэд 0.45 (2015 он)-аас 6.75 (2020 он) болж 15 дахин өссөн байна. Дүгнэлт: ЧШХШ1-ийн өвчлөл, тархалт сүүлийн 6 жилд эрчимтэй нэмэгдсэн байна. Хөвгүүдтэй харьцуулахад охид ЧШХШ1-ээр өвчлөх өндөр эрсдэлтэй ба 10-14 насны хүүхдэд өвчлөл илүү тохиолдож байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, Х.Алтайсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
