Эмнэлзүйн лабораторид хандан үйлчлүүлэгсдийн амьсгалын доод замын бактерийн халдварын үүсгэгчийн бүрдлийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Масс спектрометр, БХ-ПГУ, Эмгэгтөрөгч, МТСАХураангуй
Үндэслэл: Амьсгалын доод замын бактерийн шалтгаант халдвар, уушгины үрэвсэл нь бага, дунд орлоготой орнуудад өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг юм1,6. Зорилго, зорилт: Судалгааны хугацаанд эмнэлзүйн лабораторид хандан үйлчлүүлэгсдийн амьсгалын доод замын бактерийн халдварын үүсгэгчийг эмгэгтөрөгч өсгөвөрлөх болон молекул биологийн шинжилгээний аргаар илрүүлж, өсгөвөрлөгдсөн эмгэгтөрөгчийн антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох. Материал, аргазүй: Амьсгалын доод замын шинжлэгдэхүүнийг (цэр) сонгомол, ялгах тэжээлт орчныг ашиглан өсгөвөрлөж, ялган дүйлтийг биохимийн бүрэн автомат анализатор болон масс спектрометрийн бүрэн автомат анализатор ашиглан хийв. Бичил биетний антибиотикт мэдрэг чанарыг тухайн зүйлийн бичил биетэнд тохирох карт ашиглан бүрэн автомат анализатороор тодорхойлсон. Бичил биетний ДНХ-г бүрэн автомат ялгагчаар ялгаж, амьсгалын замын халдвар илрүүлэх мультиплекс полимеразын гинжин урвалын (ПГУ) праймерын цомог ашиглан БХПГУ-ын аргаар эмгэгтөрөгчийн генийг илрүүлэв. Статистик боловсруулалтыг SPSS-22 програмаар гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд 2019 оны 12 сарын 01-ээс 2020 оны 04-р сарын 30-г дуустал амьсгалын доод замын халдварын өгүүлэмжтэй Улаанбаатар хот, орон нутгийн үйлчлүүлэгчээс цуглуулсан 295 шинжлэгдэхүүнд өсгөвөрлөх шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнгээр эмгэгтөрөгч, нөхцөлт эмгэгтөрөгч нийт 18 зүйлийн бактери 44.1%-д илрэв. Дээрх шинжлэгдэхүүнээс 232-д БХПГУ-ын аргаар 7 төрлийн эмгэгтөрөгч илрүүлэх шинжилгээгээр нийт 6 төрөл зүйлийн эмгэгтөрөгч бактери 42.2%-д илэрсэн. Дүгнэлт: Амьсгалын доод замын бактерийн өвөрмөц халдварын үед БХ-ПГУ оношлогоо, нөхцөлт эмгэгтөрөгчийн болон ховор тохиолддог халдварын үед өсгөвөрлөх шинжилгээ үр дүнтэй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
