Хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын ачааллыг “Caregiver burden inventory” олон улсын стандарт асуумжаар судлах нь
Түлхүүр үг:
Ачаалал, Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ, Хавдар, Асран хамгаалагч, АсуумжХураангуй
Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 2008–2030 онд хавдрын шалтгаант нас баралтын тоо 45 хувь нэмэгдэх тооцооллыг гаргасан байна. Монгол улсад 2019 оны байдлаар хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад 20 913 хүн амьдарч байна. Манай улсад нийт хавдрын 78.8 хувь нь 3, 4-р шатандаа оношлогдсоноор хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд шилжиж байна. Гэвч манай улсад хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч буй эмчлүүлэгчийн ар гэр, асран хамгаалагчийн ачаалал, амьдралын чанарыг судалсан байдал хангалтгүй байна. Тиймээс бид тус судалгааны ажлаар хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын ачааллыг үнэлэхийг зорилоо. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан 2017.11–2019.12 сарын хооронд хийж гүйцэтгэв. АШУҮИС-ийн “Судалгааны ёс зүйн хяналтын хороо”-оос судалгааны ажлыг хийх ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгааны мэдээ материалыг Хавдар Судлалын Үндэсний Төв, Улаанбаатар хотын дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Ногоон гэр, Ивээл хоспис эмнэлгүүдийг түшиглэн хавдартай эмчлүүлэгчдийн асран хамгаалагчдаас асуумжийн аргаар цуглуулсан. Асран хамгаалагчийн ачааллын үнэлгээг “Caregiver burden inventory” олон улсын стандарт асуумжаар хийсэн. Үр дүн: Нийт асран хамгаалагчдын 82.8 хувь нь эмэгтэй, 17.2 хувь нь эрэгтэй байна. Нийт судалгаанд оролцсон асран хамгаалагчдын 91.7 хувьд ачааллын зэрэг 2 болон түүнээс дээш байгаа нь хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын ачаалал их байгааг харуулж байна. Асран хамгаалагчдын ачааллын дундаж оноо эрэгтэй 32.97±11.8, эмэгтэй 40.53±14.9 байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Дүгнэлт: Асран хамгаалагчдын 60-аас дээш хувь нь эмчлүүлэгчийг асран хамгаалахад өдөрт 11-ээс их цагийг зарцуулдаг байна. Нийт судалгаанд оролцсон асран хамгаалагчдын 91.7 хувьд ачааллын зэрэг 2 болон түүнээс дээш байгаа нь хавдартай эмчлүүлэгчийн асран хамгаалагчдын ачаалал их байгааг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
