Том хэмжээний арьсны эвэршдэг эсийн хавдрыг чөлөөт далбангаар нөхөн сэргээсэн мэс заслын эмчилгээний үр дүн
Түлхүүр үг:
Индоцианин ногоон ангиографи, Антеролатерал гуяны далбан, Бичил судасны мэс засал, Өргөн хүрээтэй тайрахХураангуй
Удиртгал: Арьсны эвэршдэг эсийн хавдар (АЭЭХ буюу Cutaneous squamous cell carcinoma cSCC) нь арьсны хортой хавдруудын 20 орчим хувийг эзэлж, дэлхийд тархалтаараа хоёрдугаарт ордог түгээмэл хавдрын нэг юм. Ихэнх тохиолдолд эрт үе шатанд оношлогдвол тавилан сайн байдаг хэдий ч том хэмжээтэй, орчны эдэд нэвчин ургасан, ойролцоох тунгалгийн зангилаанд үсэрхийлсэн хавдар нь илүү түрэмгий явцтай байх хандлагатай байдаг. Ялангуяа арьсны хавдрыг өргөн хүрээтэй тайрсны дараа үүссэн эдийн дутагдал (дефект)-ыг нөхөн сэргээх нь эмчилгээний хувьд нэлээд хүндрэл учруулдаг. Тохиолдлын танилцуулга: Бид 69 настай, эрэгтэй өвчтөнд зүүн ташааны арьсан дээр үүссэн 13 9 см хэмжээтэй, зах ирмэг нь эрүүл арьснаас тод зааг хязгаартай, арьсны түвшнээс эрс дээш өргөгдсөн, хөхөлбөр хүрэн өнгийн, төв дээд хэсэгтээ доош хонхойсон, нэвчдэстэй шархалсан үүсгэвэр бүхий cSCC-ийн ховор тохиолдлыг танилцуулж байна. Эмгэг судлалын шинжилгээгээр ялгаралт сайтай, эвэршсэн нэвчилттэй (кератинжсан инвазив) арьсны эвэршдэг эсийн хавдар батлагдсан. Компьютер томографын шинжилгээгээр хэвлийн зүүн доод хэсгийн арьсны гадаргуугаас гадагш түрсэн зөөлөн эдийн нягтралтай масс тодорхойлогдож, зүүн цавины тунгалгийн зангилааны томрол илэрсэн. Эмчилгээ: Өвчтөнд хавдрын үүсгэврийг өргөн хүрээтэй хамруулан, ойролцоох тунгалгийн зангилааг тайрч аван (лимфаденэктоми), үүссэн том хэмжээний эдийн дутагдлыг гуяны урд хажуу (антеролатерал)-гийн чөлөөт далбангаар нөхөн сэргээх мэс заслын аргаар эмчилгээ хийсэн. Мэс заслын явцад далбангийн цусан хангамжийг тодосгогч бодисоор тодруулах арга болох индоцианин ногоон (indocyanine green-ICG)-оор ангиографи хийн тодруулж, гар допплер ашиглан судаснуудыг шалгасан. Үр дүн: Мэс заслын дараах явц хүндрэлгүй, далбан амжилттай тогтож, цусан хангамж хэвийн байсан. Эмгэг судлалын шинжилгээгээр хавдрын тайралтын ирмэг цэвэр (negative margin), тунгалгийн зангилаанд үсэрхийлэл илрээгүй. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой, ямар нэгэн зовуурь, шинж тэмдэг илрээгүй бөгөөд хавдар судлалын эмчийн хяналтад байна. Дүгнэлт: Энэхүү тохиолдол нь том хэмжээтэй cSCC-ийн үед өргөн хүрээтэй тайралт болон чөлөөт далбангаар нөхөн сэргээх мэс заслын аргыг хослуулан хэрэглэх нь үр дүнтэй болохыг харуулж байна. Мөн мэс заслын явцад орчин үеийн аргуудын нэг болох индоцианин ногоон (indocyanine green-ICG)-оор ангиографи хийн судасны цусан хангамжийг шалгах нь далбангийн амьдрах чадварыг нэмэгдүүлж, эмчилгээний үр дүнг сайжруулах ач холбогдолтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
