Суурь эсийн хорт хавдар, арьсны шванноматай хавсарч илэрсэн нэн ховор тохиолдол

Зохиогчид

  • О.Номин Зохиогч
  • Э.Мөнхжин Зохиогч
  • С.Ундрам Зохиогч

Түлхүүр үг:

Хавсарсан хавдар, Шванны эс, Арьсны эдийн шинжилгээ, Иммуногистохимийн маркер

Хураангуй

Удиртгал: Суурь эсийн хавдар нь арьсны өнгөн хөрсний суурин хучуур эсийн гаралтай хамгийн түгээмэл тохиолддог арьсны хорт хавдар юм. Дэлхий дахинаа жил бүр 4 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгддэг. Харин шваннома нь шванны эсээс үүсдэг ховор тохиолдох мэдрэлийн хоргүй хавдар юм. Тохиолдлын танилцуулга: Үйлчлүүлэгч К. овогтой Ю. 68 настай европ эрэгтэй. Нүүрэн дээр тууралт гараад эдгэхгүй удаж байгаа гэсэн зовуурьтай 2025 оны 4 сард Сундара арьсны эмнэлэгт хандсан. Тууралт анх 2024 оны 6 сард илэрсэн ба зовуурь багатай, жижиг хэмжээтэй байсан бөгөөд сахлаа хусахдаа арьсаа гэмтээсэн гэж бодон тоогоогүй. Сүүлийн үед тууралт хэмжээгээр томорч, үе үе шалбарч цус гардаг гэнэ. Хэсэг газрын үзлэгт уруулын баруун дээд хэсэгт байрлалтай, дугуй зууван хэлбэрийн, арьснаас дээш эрс өргөгдсөн голдоо шалбархай, тав бүхий цайвар өнгийн гүвдрүүт тууралттай. Оношилгоо: Онош тодруулах зорилгоор арьсны эдийн шинжилгээ хийхэд “Суурь эсийн хорт хавдар, шваннома эсвэл нейроматай хавсарсан, ялган оношлох” гэсэн дүгнэлт гарснаар эдэд иммуногистохимийн шинжилгээ хийсэн. S100, BCL2, P63, CD10, Actin зэрэг маркеруудыг ашиглан эцсийн оношийг “Суурь эсийн хорт хавдар арьсны шванноматай хавсарч илэрсэн” гэж дүгнэв. Эмчилгээ: Суурь эсийн хорт хавдар болон шванномагийн стандарт эмчилгээ нь мэс засал тул үйлчлүүлэгчид оношийг тайлбарлан мэс засал эмчилгээнд орохыг зөвлөсний дагуу хагалгаанд орж хавдрыг бүхлээр нь мэс заслын аргаар авсан. Одоогоор дахилт илрээгүй. Дүгнэлт: Суурь эсийн хорт хавдар, арьсны шванноматай хавсарч нэг голомтод илрэх нь нэн ховор. Суурь эсийн хавдар эмнэлзүйд бусад арьсны өвчний тууралттай ижил төстэй илрэх нь элбэг. Иймд аливаа арьсны өвчний оношилгоо, ялган оношилгоонд арьсны эдийн болон иммуногистохимийн шинжилгээнүүд нь өндөр ач холбогдолтой болохыг харууллаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-04-28

Дугаар

Салбар хэсэг

Эмнэл зүйн тохиолдол