Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын талаарх уламжлалт анагаах ухааны сурвалж бичгийн судалгаа

Зохиогчид

  • А.Батжаргал АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Б.Халиун АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Р.Наранхүү АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, МАУОУС, Жор судлалын тэнхим Зохиогч
  • Д.Цэрэндагва АШУҮИС, МАУОУС, Дотор өвчин судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Pulsatilla Bungeana L, Ходоодны хавдар Өвсөн гурван халуун

Хураангуй

Үндэслэл: Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хийгээд манай улсын хэмжээнд маш өндөр тархалттайгаас гадна нас баралт ихтэй аюулт өвчин юм4. Дэлхий нийтээр энэхүү өвчнийг эмчлэх Дорно дахины (уламжлалт) анагаах ухааны аргыг тал бүрээс нь сонирхон судалж, байгаль дээрх эмт ургамлуудаас бүтсэн гаж нөлөө багатай шинэ эм, бэлдмэлүүдийг гарган авч, практикт нэвтрүүлэх хандлага маш хурдацтай өсөн нэмэгдсээр байна1. Зорилго: “Өвсөн гурван халуун” жор, түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлыг уламжлалт анагаах ухааны сурвалжууд болон тэдгээрийн түгээмэл хэрэглэгддэг тайлбар зохиолуудад хэрхэн дурдсан талаар харьцуулан шинжлэн, нэгтгэн дүгнэх. Арга, аргачлал: “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс” “Нандин эрдэнийн шимийн хураангуй”, “Хөх бидэр”, “Үзэгсдийн баясгалан”, “Монгол тан эмийн танилцуулга”, “Маш гайхамшигт хуримын сан”, “Эм таних ухаан”, “Монгол эмийг зөв таних толь” бүтээлүүдийг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”-аар харьцуулан, “Нэгтгэн дүгнэх арга”- аар хураангуйлан үнэлэв. Үр дүн: “Нандин эрдэнийн шимийн хураангуй” зохиолын эмийн хураангуй товч нэрийн хэсэгт: “Өвсөн гурван халуун” жорд Жэцасэрво (Төвөд нэр) буюу мөлхөө холтсон цэцэг, Юмонгарво (Төвөд нэр) буюу чөдөр өвс, Срүвга (Төвөд нэр) буюу Бунгийн яргуй орно гэж бичжээ. “Монгол тан эмийн танилцуулга” номд: Срүвга (Төвөд нэр) нь гошуун, гашуун, бүлээн амт чанартай, цул сав бүхэнд гүйнэ. “Эм таних ухаан” бүтээлд: Эмийн эрхэм болсон буган цагаан цэцгийг Төвөд хэлээр Срүвга гэнэ хэмээгээд ургамлын гадаад байдлыг сайтар тусган бичсэн байна. Дүгнэлт: 1. “Өвсөн гурван халуун” жор, болон түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын Дорно дахины анагаах ухааны олон зуунд дамжуулан баримталж ирсэн эмчилгээнд хэрэглэх арга, өвчний заалтын талаар харьцуулан судлахад сурвалж тус бүрт төстэй байдлаар тэмдэглэгдсэн байна. 2. “Өвсөн гурван халуун” жор, болон түүнд агуулагдах Бунгийн яргуй (Pulsatilla Bungeana L.) ургамлын амт чадлын талаар цөөн зохиолуудад дурдсан ба тус ургамлын бадганыг дарах хөнгөн, ширүүн, хурц, халуун чадал нь илүү болох нь харагдаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Наранхүү, Б.Цэрэнцоо, Д.Цэрэндагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-03-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл