Сорвины орчин үеийн эмчилгээний үр нөлөө: системчилсэн тойм өгүүлэл
Түлхүүр үг:
сорви, тоймХураангуй
Үндэслэл: Орчин үед сорвины эмчилгээнд силикон гель, кортикостеройд, лазер, мэс заслын аргууд тодорхой үр дүнтэй боловч сорвины бүтцийг бүрэн сэргээх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд сорвины эдийн нөхөн төлжилтийг дэмжих шинэ аргууд эрчимтэй судлагдаж байгаа бөгөөд үүний нэг нь аутолог өөх шилжүүлэн суулгалт (AFG) юм. Энэхүү арга нь өөхөн эдийн гаралтай үүдэл эс (ADSCs), стромын судасны фракц (SVF) болон өсөлтийн хүчин зүйлсийг агуулдаг тул ангиогенезийг дэмжих, үрэвслийг бууруулах, коллагены бүтцийг шинэчлэн зохицуулж сорвины эдийн бүтэц, чанарыг сайжруулах боломжтой. Зорилго: Монгол Улсад AFG, ADSCs болон SVF-д суурилсан сорвины эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдалд хийгдсэн судалгаа хомс байгаа тул олон улсын мэдээллийг нэгтгэн, эмчилгээний үр дүн, аюулгүй байдлыг үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү системчилсэн тойм судалгааг PRISMA удирдамжийн дагуу гүйцэтгэж, PubMed, Scopus, Web of Science мэдээллийн сангуудаас хайлт хийв. Нийт 902 судалгаанаас шалгуурын дагуу 27 судалгааг сонгон авч, чанарын үнэлгээ болон дүн шинжилгээ хийж, AFG, ADSCs болон SVF-ийн сорвины эмчилгээнд үзүүлэх үр нөлөөг үнэлэв. Үр дүн: Нийт хамрагдсан 27 судалгааны дүнгээс үзэхэд AFG, ADSCs болон SVF эмчилгээний аргууд нь сорвины морфологи, эдийн бүтэц, уян хатан чанар, өвдөлт болон үйл ажиллагааны сэргэлтэд нийтлэг эерэг нөлөө үзүүлсэн байна. Өөх боловсруулах олон төрлийн арга хэрэглэгдэж байгаа ч 15 судалгаанд Колеман техникээр боловсруулалт хийж, дерм-гиподермийн заагаар ретроград тарилга хийсэн байна. Нийт сонгогдсон судалгааны 23 нь сорвины бүтцийн өөрчлөлтийг үнэлсэн ба сорвины өнгө, зузаан, уян чанар болон контур сайжирсан, өвдөлт, загатнааг үнэлсэн 6 судалгаанд эдгээр шинж тэмдэг буурсан байсан бол 6 судалгаанд үйл ажиллагааны алдагдлыг сэргээсэн үр дүн гарчээ. Мөн гистологийн өөрчлөлтийг үнэлсэн 6 судалгаанд коллагены бүтэц, зохион байгуулалт сайжрах, ангиогенез идэвхижих, фиброзын хэмжээ буурсан зэрэг мэдэгдэхүйц үр дүн гарсан байлаа. Түүнчлэн AFG-ийг PRP, SVF, фракцийн лазер зэрэг эмчилгээний аргуудтай хослуулан хийсэн 3 судалгаанд илүү үр дүн ажиглагдсан хэдий ч сорвины төрөл, техник болон үнэлгээний аргаас хамаарч харилцан адилгүй үр дүнтэй байв. Дүгнэлт: AFG, ADSCs болон SVF-д суурилсан эмчилгээний аргууд нь сорвины эдийн нөхөн төлжилтийг дэмжин, ангиогенезийг идэвхжүүлж, коллаген ширхгийн бүтцийн шинэчлэлтийг түргэсгэснээр фиброзын хэмжээг бууруулан сорвины эдийн уян хатан чанар, үйл ажиллагааг сайжруулж улмаар өвчтний амьдралын чанарыг дээшлүүлэх үр нөлөөтэй болохыг батлан харуулж байна. Иймд эдгээр аргууд нь Монгол улсад сорвины шинэ эмчилгээний стратеги болох боломжтой бөгөөд эмнэлзүйн практикт стандартчилан нэвтрүүлэх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ө.Дугармаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
