Аюурвед ба Монгол анагаах ухаанд мэс заслын өвчний ангиллын зарчмын харьцуулалт
Түлхүүр үг:
Sushruta Samhita, Thematic coding, Tengyur, Content analysis, Comparative studyХураангуй
Үндэслэл: Монголын уламжлалт анагаах ухаан нь Энэтхэгийн Аюурвед, Төвөд болон Хятадын анагаах ухааны олон талт эх сурвалжийн уялдаа холбоонд тулгуурлан хөгжсөн өвөрмөц мэдлэгийн сан юм. Ялангуяа Аюурведийн суурь зохиол болох “Аштанга Хридая Самхита” нь Төвөд, Монголын анагаах ухааны идеологийн үндэс болсон Анагаах ухааны дөрвөн үндэс зохиогдоход гол нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг. Хэдийгээр МУАУ-ны түүхэн хөгжлийг Б.Жигмэд, Ш.Болд, Я.Ганбаяр нарын эрдэмтэд судалсан боловч Аюурведийн мэс заслын ойлголт Монгол ахуйд хэрхэн нутагшиж, анхны эх сурвалжаасаа хэрхэн хувьссаныг харуулсан текст хоорондын (intertextual) харьцуулсан судалгаа дутмаг байна. Иймд Сүмбэ хамба Ишбалжир, Миндол Номун Хаан Жамбалчойжиданзанпэрэнлэй зэрэг Монгол мэргэдийн бүтээлд туссан АВАУ-ны мэс заслын уламжлалыг илрүүлэн тогтоох нь МУАУ-ны түүхэн төлөвшлийг ойлгоход нэн чухал ач холбогдолтой юм. Зорилго: Монголын уламжлалт анагаах ухааны тодорхой эх сурвалжуудад Аюурведийн анагаах ухааны ойлголт, тэр дундаа өвчний ангилал зүй болон мэс заслын уламжлал хэрхэн туссаныг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх аргыг ашиглан, Монгол эмч нарын эмнэлзүйн хэрэглээндээ хэрхэн уламжлан авч, баяжуулсан зүй тогтлыг гаргахад оршино. Арга, аргачлал: Судалгаанд Аюурведийн “Сушрута Самхита” (1907), “Аштанга Хридая Самхита” болон Монголын сурвалж бичгүүд болох Сүмбэ хамба Ишбалжирын “Дөрвөн рашаан” (1994), Миндол Номун Хааны “Увдисын далай” (2014) зэрэг бүтээлүүдийг ашиглав. Судалгааг гүйцэтгэхдээ сэдэвчилсэн кодчилол (Thematic analysis), агуулгын дүн шинжилгээ (Content analysis) болон эх сурвалж харьцуулан судлах аргуудыг ашигласан. Түүнчлэн сурвалж бичиг судлалд мэдээллийг цомхотгох зорилгоор кодлон ангилах (Coding) аргачлалыг хэрэглэв. Үр дүн: Сонгогдсон сурвалж бичгүүдэд агуулгын (Content analysis) болон сэдэвчилсэн кодчиллын (Thematic coding) шинжилгээ хийхэд Аюурведийн арга зүйд суурилсан, мэс ажилбар шаардах 28 төрлийн өвчний ангилал тодорхойлогдов. Үүнд гэмтэл согог, эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс гадна халдварт болон арьсны өвчнүүд багтаж байна. Сүмбэ хамба Ишбалжирын “Рашааны цагаан шүүхэр” бүтээлд эдгээр 28 өвчний 42.8%-ийг халдварт эмгэг, 23.8%-ийг бэртэл гэмтэл эзэлж байгаа бол “Увдисын Далай”-д халдварт өвчин 47.05%, бэртэл 24.0%-ийг тус тус эзэлж байна. Хоёр сурвалжид хоёуланд нь найман төрлийн кодоор шинжилгээ хийхэд “Эмчилгээ”-ний код хамгийн өндөр давтамжтай (n=22-25) илэрсэн нь Монгол мэргэд Аюурведийн практик заслын зааврыг түлхүү өвлөн авсныг харууллаа. Дүгнэлт: Аюурведийн мэс заслын болон өвчний ангиллын зарчим нь МУАУ-ны сурвалжуудад механикаар хуулбарлагдаагүй, харин Монгол орны цаг уур, ахуйн онцлогт тохирон системчлэгдсэн байна. Сүмбэ хамба Ишбалжир болон бусад Монгол эрдэмтэд Аюурведийн “Shalya Tantra” буюу мэс заслын ухааныг халдварт өвчин болон бэртэл гэмтлийг анагаах практик арга техникээр баяжуулан хөгжүүлсэн нь МУАУ-ны мэс заслын бие даасан хөгжлийг тодорхойлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Батнайрамдал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
