Тэмбүү өвчинтэй хавсарсан цочмог ГСВ-ийн халдварын эмнэлзүйн илрэл
Түлхүүр үг:
Гепатитийн С вирусийн халдвар, Тэмбүү, Хавсарсан халдвар цитолиз, Цөс зогсонгишилХураангуй
Үндэслэл: Манай улс элэгний вирусийн шалтгаант өвчлөл өндөртэй орны хувьд ДЭМБ-ын 2022-2030 он хүртэл хэрэгжүүлж буй стратегийн дагуу вируст гепатит, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын тархалтыг бууруулах асуудлыг эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна. ЭМС-ын 2023 оны А/133, 2024 оны А/18 тоот тушаалд үйлчилгээ үзүүлэгч санаачлан хэвтэн эмчлүүлэгсдийг гепатитын В болон С вирусийн халдвар, тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар заасан. Манай улсад бүртгэгдэж буй халдварт өвчний дотор тэргүүлэх шалтгааны нэгд БЗДХ орж байгаа бөгөөд бүртгэгдсэн тохиолдлын 40% гаруйд тэмбүүгийн шинэ тохиолдол эзэлж байна. Гепатитийн С вирусийн халдвар болон тэмбүү нь парентраль замаар дамжин халдварлаж, архаг өвчлөл үүсгэх ба хавсарсан халдвар нь элэгний гэмтлийг хурдасгаж, эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг ноцтой нөхцөл байдал юм. Тэмбүүгийн халдвар нь элэгний үйл ажиллагаанд нэмэлт ачаалал өгч, гепатитийн С вирусийн үрэвслийг даамжруулдаг. Зорилго: Энэхүү судалгаагаар тэмбүүгийн хавсарсан халдвар нь гепатит С вирусийн цочмог халдварын биохимийн болон эмнэлзүйн явцад хэрхэн нөлөөлж буйг судлахыг зорив. Арга, аргачлал: Судалгааг ретроспектив чиглэлд эмнэлэгт суурилсан агшингийн загвараар гүйцэтгэсэн. 2025-2026 онд ХӨСҮТ-д гепатит С вирусийн цочмог халдвар оношоор эмчлүүлсэн 74 үйлчлүүлэгчийг санамсаргүй түүвэрлэн, өвчний түүхээс мэдээлэл цуглуулж, судалгаа хийлээ. Судалгаанд хамрагдагсдыг тэмбүүгийн ийлдэс судлалын шинжилгээ эерэг, сөрөг буюу гепатитын С вирусийн дан халдвартай, тэмбүү хавсарсан гэсэн хоёр бүлэгт харьцуулан судлахдаа бүлгүүдийн хувьсагч хоорондын ялгааг Т-test ашиглан тооцож, статистик боловсруулалтад SPSS 26 программ ашиглан үр дүнг р утга <0.05 үед статистик үнэн магадлалтай гэж үзэв. Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 17 (23%) нь тэмбүүгийн хавсарсан халдвартай байв. Бүлгүүдэд нас болон хүйсийн хувьд статистик ач холбогдол бүхий (p=0.982) ялгаа байгаагүй. Хавсарсан халдвартай бүлэгт 23.5%-д RPR шинжилгээний титр өндөр (идэвхтэй/шинэ халдвар) байсан ба эмнэлзүйн хувьд халдвар хордлогын ерөнхий шинж (35.3%), мэдрэл сульдал (100%), шарлалт (100%), биж хам шинж (100%), ерөнхий хордлогын хам шинж (100%) голлож, биохимийн шинжилгээнд нийт билирубин (192.4 ба 110.5 мкмоль/л, p<0.01), шүлтлэг фосфатаза (245.8 ба 132.1 U/L, p=0.004) болон АЛАТ (1240.5 ба 850.2 U/L, p=0.03) дан ГСВ-ийн халдвартай бүлгээс өндөр, статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. байлаа. Каплан-Мейерийн шинжилгээгээр АЛАТ хэвийн болох дундаж хугацаа хавсарсан халдвартай бүлэгт 26.4 хоног, дан халдвартай бүлэгт 20.7 хоног (p=0.006) байсан нь эдгэрэлтийн хугацаа уртасч байгааг харууллаа. Дүгнэлт: Тэмбүүгийн хавсарсан халдвар нь цочмог С гепатитын эмнэлзүйн явцыг хүндрүүлж, шарлалт болон цөс зогсонгишлын (холестаз) хам шинжийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ биохимийн үзүүлэлтүүд засрах хугацааг уртасгаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: В.Нямцэнгэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
