Ясны хугаралтай хүүхдүүдэд биеийн жингийн илүүдлийг үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Хүүхэд, Ясны хугарал, Биеийн жингийн индекс, Илүүдэл жин, ТаргалалтХураангуй
Үндэслэл: Хүүхдийн илүүдэл жин, таргалалт нь дэлхий дахинд болон Монгол Улсад анхаарал татсан эрүүл мэндийн асуудал юм. Ясны хугаралтай хүүхдүүдийн биеийн жингийн байдлыг үнэлэх нь гэмтэл болон биеийн жингийн индексийн хамаарлыг цаашид судлах суурь судалгаа болно. Зорилго: Ясны хугарал оноштой 18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын эзлэх хувийг тодорхойлж, хүйсээр харьцуулах. Арга аргачлал: Монгол-Японы эмнэлгийн амбулаторид 2026 оны 6–9 дүгээр сард хугарал оношоор үзүүлсэн 30 хүүхдийг хамруулсан. Биеийн жингийн байдлыг нас, хүйстэй харьцуулсан БЖИнасны үзүүлэлтээр ангилж, тоон үзүүлэлтийг дундаж±стандарт хазайлт, медиан, квартиль, хамгийн бага болон их утгаар, чанарын үзүүлэлтийг тоо, хувиар илэрхийлэв. Бүлгийн харьцуулалтад Mann–Whitney U болон Fisher-ийн нарийн тест хэрэглэж, p<0.05-ийг статистикийн ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Судалгаанд 20 (66.7%) эрэгтэй, 10 (33.3%) эмэгтэй хүүхэд хамрагдсан. Нийт 18 (60.0%) хүүхэд илүүдэл жин/таргалалтын бүлэгт багтав. БЖИ-ийн дундаж 20.58±3.44 кг/ м2, медиан 19.82 кг/м2 байв. Илүүдэл жин/таргалалтын бүлгийн БЖИ (22.00±3.55 кг/м2) хэвийн бүлгийнхээс (18.46±1.90 кг/м2) өндөр байв (p=0.0092). Хүйс ба биеийн жингийн ангиллын хооронд статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй (p=1.000). Дүгнэлт: Ясны хугарал оноштой 18 хүртэлх насны хүүхдүүдийн илүүдэл жин болон таргалалтын эзлэх хувь 60.0% байв. Илүүдэл жин болон таргалалттай бүлгийн хүүхдүүдийн БЖИ хэвийн жинтэй хүүхдүүдээс статистикийн хувьд өндөр байв. Хүйс болон биеийн жингийн илүүдлийн хооронд статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй. Ясны хугаралтай хүүхдүүдийн биеийн жингийн илүүдэл болон ясны хугарлын эрсдэлийн хамаарлыг тогтоохын тулд илүү олон оролцогчтой, хяналтын бүлэг болон ясны эрдсийн нягтралын үзүүлэлтийг хамруулсан цаашдын судалгаа шаардлагатай.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Амарбат, Л.Наранбат, Э.Саранчимэг
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
