Эмгэг төрөгч бактер болон ашигтай бактерт Остео кальци-5 биологийн идэвхт бэлдмэлийн үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн

Зохиогчид

  • Б.Долгорсүрэн АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • С.Сээсрэгдорж АШУҮИС, МАУОУС, Дотор өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Б.Батбилэг ШУА, Биологийн хүрээлэн Зохиогч
  • С.Ваанчигсүрэн АШУҮИС, АУС, Радиологийн тэнхим Зохиогч
  • Я.Энхтуул Цэргийн төв эмнэлэг, Дүрс оношилгооны тасаг Зохиогч
  • Ж.Энх-Амгалан ШУА, Биологийн хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Бактерийн эсрэг үйлдэл, Өсөлт саатуулах хамгийн бага тун, Уламжлалт анагаах ухаан

Хураангуй

Үндэслэл: Орчин үед антибиотикийн тэсвэржилт (AMR) нэмэгдэж, ясны эдийн идээт үрэвсэл зэрэг хүнд хэлбэрийн халдварын эмчилгээний үр дүн буурч буйгаас гадна өргөн хүрээний синтетик антибиотик нь микробиомын тэнцвэрт байдлыг алдагдуулж, эзэн биеийн дархлааны тогтолцоог сулруулж байна.1,2 Иймд эмгэг төрөгчдийг дарангуйлахын зэрэгцээ ашигтай бичил биетний амьдрах чадварт сөрөг нөлөө үзүүлдэггүй байгалийн гаралтай биологийн идэвхт бэлдмэлийг судлах шаардлагын хүрээнд сорил туршилтын болон эмнэлзүй нь судалгаа хийгдсэн Остео кальци-5 бэлдмэлийн эмгэг төрөгч болон ашигтай бактерт үзүүлэх нөлөөг тогтоох нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Эмгэг төрөгч бактер болон ашигтай бактерт Остео кальци-5 биологийн идэвхт бэлдмэлийн үзүүлэх нөлөөг in vitro орчинд судлах. Арга, аргачлал: Судалгааг тоон судалгааны аргаар туршилтын судалгааны загвар ашиглан гүйцэтгэсэн ба эмгэг төрөгч бактерийн 2 стандарт омог болох S.aures ATCC 12600, MRSA ATCC 700699 ашигтай бактерийн 2 стандарт омог болох L.paracasei , S.thermophilus-ийг ашиглав. Остео кальци-5 бэлдмэлийг 70% этанол болон 0.1% HCl бүхий уусмалаар хандлан бактерийн эсрэг үйлчлэлийг тодорхойлохдоо шөлөн шингэрүүлэлтийн аргаар 0.78–12.5% концентрацийн хүрээнд өсөлт саатуулах хамгийн бага тун (MIC) болон бактерийг үхүүлэх хамгийн бага тун (MBC)-г 3 давталттайгаар тодорхойлж, тэжээлт орчинд шингэрүүлгийн арга ашиглан, ариун бүсийн диаметрээр үнэлэв.4 Үр дүн: Остео кальци-5 биологийн идэвхт бэлдмэлийн ханд нь эмгэг төрөгч бактер болон ашигтай бактерийн өсөлтөд сонгомол байдлаар нөлөөлдөг тогтоогдов. Тодруулбал, эмгэг төрөгч бактер болох MRSA омгийн өсөлт саатуулах хамгийн бага тун (MIC) 0.78%, бактерийг үхүүлэх хамгийн бага тун (MBC) 1.56% байсан бол S.aureus омгийн хувьд MIC болон MBC утгууд 1.56% концентрацид колонийн өсөлт бүрэн дарангуйлагдан бактерийн эсрэг өндөр идэвх үзүүлэв. Харин L.paracasei болон S.thermophilus омгууд нь бэлдмэлийн бага концентрацид хэвийн өсөж, MIC нь 6.25%–12.5% байснаар эмгэг төрөгч омгуудаас хэд дахин өндөр тэсвэртэй болох нь батлагдаж, тэжээлт орчинд шингэрүүлгийн аргаар S.aureus (16.50±0.29 мм) болон MRSA (15.00±0.58 мм) бактерийн өсөлтийг ариун бүс үүсгэн идэвхтэй саатуулсан ба ашигтай бактерийн омог болох L.paracasei, S.thermophilusийн өсөлтөд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй юм. Дүгнэлт: Остео кальци-5 бэлдмэлийн бактерийн өсөлтийг саатуулах хамгийн бага тун (MIC) MRSA-д 0.78%, S.aureus-д 1.56%, бактерийг үхүүлэх хамгийн бага тун (MBC) хоёр омогт 1.56% тодорхойлогдож, тэжээлт орчинд шингэрүүлгийн аргаар S.aureus (16.50±0.29 мм) болон MRSA (15.00±0.58 мм) бактерийн өсөлтийг ариун бүс үүсгэн идэвхтэй саатуулж бактерийн эсийн хана, мембраныг гэмтээх болон хоруу чанарыг саармагжуулах замаар ясны идээт үрэвсэл (остеомиелит) үүсгэгчдийг бага концентрацид үр дүнтэй дарангуйлав. Ашигтай бактер болох L.paracasei, S.thermophilus омгуудын хувьд бэлдмэлийн хандны MIC утга 6.25–12.5% байж, бага концентрацид хэвийн өсөн ариун бүс үүсгээгүй нь уг бэлдмэлд эмгэг төрөгчдөөс илүү өндөр тэсвэртэй болохыг харуулж байгаа ба энэ нь хүний биеийн хэвийн микробиомын тэнцвэрийг алдагдуулахгүйгээр халдварыг сонгомлоор дарангуйлах өвөрмөц онцлогтойг нотолж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж, С.Ваанчигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл