Хүүхэд, өсвөр насныхны амиа хорлолтын хэв шинжийг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Хөвгүүд, 16-18 нас, Нас баралт, Орон нутаг, Хүйсийн ялгааХураангуй
Үндэслэл: Өнөө үед амиа хорлолт нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа төдийгүй өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг юм. Монгол улсын амиа хорлолтын түвшин дэлхийн болон бүсийн дунджаас ойролцоогоор 2 дахин өндөр, 15–19 насныхны 4 нас баралт тутмын 1 нь амиа хорлолт, нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 10 хувийг хүүхэд, өсвөр насныхан эзэлж байна. Манай улсад хүүхэд, өсвөр насныхны дунд амиа хорлож нас барах тохиолдол тогтмол өндөр хэдий ч шалтгаан нөхцөлийг тодруулсан судалгаа ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болж байна. Зорилго: Монгол Улсад 2020–2024 оны хугацаанд бүртгэгдсэн 8–18 насны хүүхэд, өсвөр насныхны амиа хорлож нас барсан тохиолдлын нас, хүйсийн хэв шинжийг тодорхойлох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг дeскриптив баримтын судалгааны ретроспектив аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Судалгааны тоон мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангийн амиа хорлож нас барсан тохиолдлын бүртгэлээс цуглууллаа. Судалгааг хийж гүйцэтгэх ёс зүйн зөвшөөрлийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 05 сарын 23-ны өдрийн хурлаар (№ 24-25/09-01) хэлэлцүүлж авсан болно. Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас мэдээлэл цуглуулах зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газраас 2025 оны 5-р сарын 12-ны өдрийн 12г/4214 дугаартай албан тоотоор тус тус авсан болно. Үр дүн: Монгол улсын хэмжээнд 2020–2024 оны хооронд 8–18 насны хүүхэд, өсвөр насныхны амиа хорлож нас барсан нийт 313 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдлын 67.4% нь орон нутагт, 32.6% нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Бүртгэгдсэн тохиолдлын 67.4%-ийг хөвгүүд, 32.6%-ийг охид эзэлж байсан ба дундаж нас нь 15.15±2.35 байв. Насны бүлгээр авч үзвэл өсвөр насны хожуу үе буюу 16-18 насны бүлэгт хамгийн олон тохиолдол бүртгэгджээ. Дүгнэлт: Нийт амиа хорлож нас барсан тохиолдлын дунд өсвөр насны хожуу үеийн хөвгүүдийн эзлэх хувь их байлаа. Мөн 3 тохиолдол тутмын 2 нь орон нутагт бүртгэгдсэн байна.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваалхам, З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
