Хиймэл оюунд суурилсан тархины нийт эзлэхүүний хэмжилт ба радиологичийн тайланд бүртгэгдсэн атрофийн зэрэглэлийн хамаарлыг судалсан нь (ЧШХШ2-той болон хяналтын бүлгийн тоон СРТ судалгаа)
Түлхүүр үг:
Тархины атрофи, Автомат сегментаци, Тархины эзлэхүүн, Морфометр, НейродүрслэлХураангуй
Үндэслэл: Тархины бор гадаргын ерөнхий атрофийн (Global Cortical Atrophy, GCA) үнэлгээ нь соронзон резонанст томографи (СРТ)-д кортикал атрофийг хурдан үнэлэхэд өргөн хэрэглэгддэг боловч тодорхой хэмжээнд субъектив шинжтэй. Харин автомат тоон морфометрын үзүүлэлтүүдийг объектив байдлаар хэмжиж, харааны үнэлгээг нэмэлт мэдээллээр дэмжих боломж олгодог. Манай улсад тархины атрофийн харааны үнэлгээг автомат тоон эзлэхүүний хэмжилттэй харьцуулан судалсан мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Радиологичийн тайланд бүртгэгдсэн атрофийн зэрэглэл болон Neurophet AQUA-аар хэмжсэн тархины нийт эзлэхүүний хамаарал, ангиллын тохирлыг үнэлж, ЧШХШ2-той болон хяналтын бүлгийн эзлэхүүнийг харьцуулах. Арга, аргачлал: Судалгааг нэг төвт, аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв.Судалгаанд ≥40 настай 367 оролцогч (ЧШХШ2, n=144; хяналт, n=223) хамрагдав. Neurophet AQUA v3.1 программаар 3D T1 дүрслэлийг боловсруулж, гавлын дотоод эзлэхүүнд (ICV) тохируулсан тархины нийт эзлэхүүнийг хэмжив. Радиологичийн тайланд бүртгэгдсэн атрофийг 0–3 зэрэглэлээр кодлов. Зэрэглэл хоорондын ялгааг Welch ANOVA, ялган ангилах чадварыг ROC, ангиллын тохирлыг stratified five-fold cross-validation болон Cohen’s κ-гаар үнэлэв. Бүлэг хоорондын эзлэхүүний ялгааг нас, хүйсээр тохируулсан ANCOVA-аар тодорхойлов. Үр дүн: Атрофийн 0–3-р зэрэглэлд тархины нийт эзлэхүүний дундаж тус тус 1122.12, 1068.50, 1034.76, 968.33 мл болж буурсан (Welch F(3,60.04)=207.30; P<0.001). Хөрш зэрэглэлүүдийн ROC AUC тус тус 0.892, 0.897, 1.000, босго утгууд 1099.86, 1056.17, 995.57 мл байв. Five-fold cross-validation-д бүрэн тохирол 78.7% (289/367), unweighted κ=0.684, quadratic-weighted κ=0.856 байлаа. ЧШХШ2 бүлгийн тархины нийт эзлэхүүн хяналтын бүлгээс 11.98 мл-ээр бага байсан (95% CI −22.67–−1.30; P=0.028). Харин атрофийн зэрэглэлтэй холбоотой олон ангилалт логистик регрессийн шинжилгээнд ЧШХШ2-ийн нийт нөлөө статистикийн ач холбогдолгүй байв (P=0.059). Дүгнэлт: Радиологичийн тайланд бүртгэгдсэн атрофийн зэрэглэл нэмэгдэх тусам тархины нийт эзлэхүүн буурч, эзлэхүүнд суурилсан ангилал өндөр жинлэсэн тохирол үзүүлэв (quadratic-weighted κ=0.856). ЧШХШ2 бүлгийн тархины нийт эзлэхүүн хяналтын бүлгээс бага байв. Автомат тоон морфометр нь радиологичийн харааны үнэлгээг тоон мэдээллээр дэмжих боломжтой.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунтөгс, Д.Гончигсүрэн, А.Товуудорж, Х.Дэлгэрдалай
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
