Улаанбаатар хотын оршин суугчдын зүрх судасны өвчлөлийн орон зайн дүн шинжилгээ

Зохиогчид

  • Х.Сэр-Од АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, биостатистикийн тэнхим Зохиогч
  • М.Энхтөгөлдөр АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Зохиогч
  • Л.Хоролсүрэн АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

НЭМС, Эпидемиологи, биостатистикийн тэнхим

Хураангуй

Үндэслэл: Зүрх судасны өвчин нь (ЗСӨ) Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна (Эүүл мэндийн үзүүлэлт 2025). Улаанбаатар хотын хороод нь суурьшлын хэлбэр, ногоон байгууламж, агаарын бохирдлоороо эрс ялгаатай бөгөөд хүн амын дунд ЗСӨ-ний өвчлөлийг хорооны түвшинд стандартчилан зураглаж, орчны онцлогтой харьцуулсан судалгаа ховор тул энэхүү судалгааг хийхээр боллоо. Зорилго: Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хороодын хүн амын дундах ЗСӨ ба артерийн гипертензийн (АГ) бүртгэгдсэн өвчлөлийг нас, хүйсээр стандартчилж, халуун ба хүйтэн цэгийг тогтоох, тэдгээрийн газар ашиглалт, газрын өндөрлөг, агаарын чанартай холбон судлах. Арга, аргачлал: Бид бүртгэлийн мэдээлэлд тулгуурласан, экологийн загвартай агшингийн судалгаанд төвийн зургаан дүүргийн 189 хорооны оршин суугчдын 2022, 2024 оны ЗСӨ (I00–I99, венийн өвчнөөс бусад) ба АГ-ийн (I10–I15) хувь хүний түвшний бүртгэлийг ашиглав. Давтан үзлэгийг хасч хүнээр тоолж, 2022 онд шинээр байгуулагдсан 33 хороог эх хороотой нь нэгтгэн 156 нэгжээр тооцов. Өвчлөлийг ДЭМБ-ын стандарт хүн амаар шууд, нас, хүйсээр шууд бус аргаар стандартчилж, халуун ба хүйтэн цэгийг Getis-Ord Gi* статистикаар тодорхойлон орчны үзүүлэлттэй Спирманы корреляцаар харьцуулав. Үр дүн: Судалгаагаар 2022-2024 онд ЗСӨ-өөр нийт 192,665, АГ-ээр нийт 86,902 хүн-жил бүртгэгдэв. Хотын хэмжээнд ЗСӨний насаар стандартчилсан түвшин 10,000 хүнд 747.2, АГ-ийнх 341.2 байв. ЗСӨ-ний стандартчилсан түвшин Хан-Уул дүүрэгт хамгийн бага (477.2), Баянгол дүүрэгт хамгийн их (979.1) буюу 2.1 дахин ялгаатай байлаа. ЗСӨ (Moran-ы I=0.19) ба АГ-ийн (I=0.12) өвчлөл сул боловч статистикийн ач холбогдолтой бөөгнөрөлтэй байв. ЗСӨ-ний 16 халуун цэгийн 15 нь Баянгол дүүрэгт, 16 хүйтэн цэгийн 14 нь Хан-Уул дүүрэгт байрлав. Халуун цэгүүд ногоон байгууламж багатай (медиан 2.3%), нягт суурьшсан, PM2.5-ын агууламж харьцангуй өндөр (44.6 мкг/м3) хотын төвийн хороод байсан бол хүйтэн цэгүүд ногоон байгууламж ихтэй (70.4%), бохирдол багатай (26.3 мкг/м3) хороод байв. Стандартчилсан өвчлөлийн харьцаа нь ногоон байгууламжтай сөрөг (ρ=−0.36), PM2.5 ба SO2-ын агууламжтай сул эерэг хамааралтай байсан бол гэр хорооллын эзлэх хувь, газрын өндөрлөгтэй хамааралгүй байлаа. Хан-Уул дүүргийн оршин суугчдын ЗСӨ-ний бүртгэлийн дөнгөж 4.4% нь дүүргийн эрүүл мэндийн төвд хийгдсэн бол бусад дүүрэгт энэ үзүүлэлт 27.6–47.3% байв. Дүгнэлт: Улаанбаатар хотод ЗСӨ ба АГ-ийн бүртгэгдсэн өвчлөл хотын төвийн нягт суурьшилтай, ногоон байгууламж багатай хороодод өндөр, хотын өмнөд хэсгийн ногоон байгууламж ихтэй хороодод бага байна. Халуун, хүйтэн цэгүүд дүүргийн хилийг дагаж байршсан нь өвчлөлийн ялгааны нэг хэсэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, бүртгэлийн зохион байгуулалттай холбоотой байж болохыг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Сэр-Од, М.Энхтөгөлдөр, Л.Хоролсүрэн, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл