Өсвөр насны сурагчдын дундах үе тэнгийн болон цахим дээрэлхэлт: Сэтгэцийн эрүүл мэнд, зан төлөвийн сөрөг үр дагавар ба хамгаалах хүчин зүйлс

Зохиогчид

  • Д.Оюунсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Б.Ирмүүн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • М.Хишиг-Ундрах Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Сэтгэлзүйн үйлчилгээний төв Зохиогч
  • Сяо Занг Туркугийн Их Сургууль, Финлянд улс Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч
  • Андре Соурандер Туркугийн Их Сургууль, Финлянд улс Зохиогч

Түлхүүр үг:

Өсвөр үе, Уламжлалт дээрэлхэлт, SDQ, Амиа хорлох, Өөрийгөө гэмтээх төрх үйл

Хураангуй

Үндэслэл: Өсвөр нас нь бие физиологи сэтгэц болон нийгэмшлийн хувьд эрчимтэй хөгжиж төлөвшдөг нэн чухал үе юм. Гэвч сургуулийн орчин болон цахим орчин дахь дээрэлхэлт нь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар дагуулдаг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Зорилго: Энэхүү судалгаагаар Монгол өсвөр насны сурагчдын дундах сургуулийн орчин ба цахим дээрэлхэлтийн тархалт, тэдгээрийн сэтгэц-нийгмийн хүндрэл, өөрийгөө гэмтээх төрх үйл болон амиа хорлох бодолд үзүүлэх нөлөөг үнэлж хамгаалах хүчин зүйлсийг тодорхойлохыг зорив. Арга, аргачлал: Энэхүү судалгааг GCAMHS хамтарсан судалгааны төслийн хүрээнд агшингийн судалгааны загвараар явууллаа. Улаанбаатар хот болон аймаг сумын ЕБС-ийн 11-17 насны нийт 2936 сурагчийг санамсаргүй түүврийн аргаар хамруулсан. Сэтгэц-нийгмийн хүндрэлийг (Strengths and DifÏculties Questionnaire) асуумжаар үнэлэв. Статистик боловсруулалтад Хи-квадрат шалгуур, үл хамаарах түүврийн t-тест, олон хүчин зүйлийн логистик регрессийн загварыг ашиглан тохируулсан эрсдэлийн харьцааг (aOR) тооцоолсон болно. Үр дүн: Судалгаанд хамрагдсан сурагчдын 24.2% (n=710) нь сургуулийн орчинд, 15.4% нь цахим орчинд дээрэлхэлтэд өртсөн байв. Сургуулийн орчинд дээрэлхүүлэх явдал хөвгүүдэд (28.5%) охидоос (20.4%) өндөр (p<0.001) байсан бол цахим дээрэлхэлтэд охид (17.4%) хөвгүүдээс (13.1%) илүү өртөмхий (p=0.001) байлаа. Дээрэлхэлтэд өртсөн сурагчдын SDQ нийт хүндрэлийн оноо өртөөгүй сурагчдынхаас статистик магадлал бүхий өндөр (18.08±6.15 ба 10.86±5.20, p<0.001) байв. Логистик регрессийн шинжилгээгээр цахим дээрэлхэлт нь амиа хорлох бодлыг 3.62 дахин (аOR=3.62, 95% CI: 2.79–4.69), өөрийгөө гэмтээх зан үйлийг 3.08 дахин (аOR=3.08, 95% CI: 2.41–3.93) нэмэгдүүлж буй хамгийн эрсдэлт хүчин зүйл болсон. Мөн сургуулийн орчинд дээрэлхүүлэх нь амиа хорлох бодлыг 2.79 дахин (аOR=2.79) нэмэгдүүлсэн бол сургуулийн орчны аюулгүй байдлын мэдрэмж нь амиа хорлох бодлын эрсдэлийг бууруулах (аOR= 0.64, 95% CI: 0.53–0.76) хамгаалах нөлөөтэй байлаа. Дүгнэлт: Өсвөр насныхны дунд уламжлалт болон цахим дээрэлхэлт өндөр байгаа бөгөөд ялангуяа цахим дээрэлхэлт нь өсвөр насныхны сэтгэц-нийгмийн хүндрэл, өөрийгөө гэмтээх болон амиа хорлох зан үйлд хүчтэй нөлөөлж байна. Сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, охид ба хөвгүүдийн хэрэгцээнд тохирсон сэтгэц-нийгмийн ба цахим аюулгүй байдлын зорилтот интервенц хэрэгжүүлэх шаардлагатай.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл