Оюутнуудын бодисын солилцооны зарим эрсдэлт хүчин зүйлсийг липидын харьцаатай холбон судалсан дүн
Түлхүүр үг:
Дислипидеми, Антропометр, Глюкоз, Артерийн даралтХураангуй
Үндэслэл: Зүрх судасны өвчин дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр бөгөөд залуу насанд зохисгүй хооллолт, хөдөлгөөний идэвхгүй байдал, илүүдэл жин, төвийн таргалалт болон бодисын солилцооны өөрчлөлт нь хожуу үеийн зүрх судасны эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Цусны липидийн уламжлалт үзүүлэлтүүдээс гадна триглицерид/их нягттай липопротеин (ТГ/ИНЛП), нийт холестерин/ их нягттай липопротеин (НХ/ИНЛП), бага нягттай липопротеин/их нягттай липопротеин (БНЛП/ИНЛП)-ы харьцааг липидийн солилцооны өөрчлөлт болон атероген эрсдэлийг үнэлэх нэмэлт үзүүлэлт болгон судалж байна. Монголын их сургуулийн оюутнуудын дунд липидийн үзүүлэлт болон бодисын солилцооны эрсдэлт хүчин зүйлсийг судалсан судалгаанууд хийгдсэн хэдий ч сувилахуйн оюутнуудын бодисын солилцооны эрсдэлийг үнэлэх нь мэргэжлийн онцлогтой холбоотой практик ач холбогдолтой тул энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнуудын захын цусны липидийн үзүүлэлтүүдийн харьцааг тодорхойлж, бодисын солилцооны зарим эрсдэлт хүчин зүйлтэй хамаарлыг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар I-IV дамжааны 18-24 насны 98 оюутныг хамруулан хийж гүйцэтгэв. Анхдагч мэдээллийг 33 асуулт бүхий бүтэцлэгдсэн асуумж, антропометрийн хэмжилт, артерийн даралт болон захын цусны биохимийн хэмжилтээр цуглуулав. Нийт холестерин, ТГ, ИНЛП, БНЛП, глюкозыг Sinocare зөөврийн анализатороор тодорхойлж, ТГ/ИНЛП, НХ/ИНЛП, БНЛП/ ИНЛП харьцааг тооцов. Биеийн жингийн индекс (БЖИ), хэвлийн тойрог, систолын ба диастолын артерийн даралтыг стандарт аргачлалаар хэмжив. Тоон хувьсагчдын тархалтыг шалгаж, бүлгийн ялгааг Mann– Whitney U болон Kruskal–Wallis тестээр, хувьсагчдын хамаарлыг Спирманий корреляцийн шинжилгээгээр үнэлж, p<0.05-ыг статистикийн ач холбогдолтой гэж үзэв. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 20.85±1.52 жил, 75.5% нь эмэгтэй байв. Нийт холестерин 3.69±0.75 ммоль/л, ТГ 1.17±0.67 ммоль/л, ИНЛП 1.24±0.38 ммоль/л, БНЛП 2.00±0.65 ммоль/л байсан бол ТГ/ИНЛП, НХ/ИНЛП, БНЛП/ИНЛП харьцааны дундаж тус тус 1.06±0.92, 3.28±0.87, 1.80±0.66 байлаа. БЖИ 22.93±4.11 кг/м2, хэвлийн тойрог 75.96±11.28 см, глюкоз 5.63±0.72 ммоль/л, систолын ба диастолын артерийн даралт 113.31±9.88 ба 70.72±8.49 мм.муб байв. ТГ/ИНЛП харьцаа БЖИ (rₛ=0.336), хэвлийн тойрог (rₛ=0.381), глюкоз (rₛ=0.278), систолын (rₛ=0.294) болон диастолын артерийн даралттай (rₛ=0.322) эерэг хамааралтай байв. НХ/ИНЛП харьцаа БЖИ, хэвлийн тойрог, систолын болон диастолын артерийн даралттай, харин БНЛП/ИНЛП харьцаа хэвлийн тойрог болон систолын артерийн даралттай статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байлаа. Хэвлийн тойрог липидийн харьцаатай бүгдтэй статистикийн ач холбогдол бүхий хамааралтай байсан бөгөөд хамгийн хүчтэй хамаарал НХ/ИНЛП-тай илэрсэн (rₛ=0.485, p<0.001). Дүгнэлт: Судалгааны үр дүнгээр оюутнуудын липидийн харьцаа нь бодисын солилцооны зарим эрсдэлт хүчин зүйлтэй хамааралтай, хэвлийн тойрог нь эдгээр хамаарлыг илэрхийлэх чухал антропометрийн үзүүлэлт байв. Иймд оюутнуудын бодисын солилцооны эрсдэлийг үнэлэхэд БЖИ-ийн зэрэгцээ хэвлийн тойрог болон липидийн үзүүлэлтүүдийг хамтатган авч үзэх нь ач холбогдолтой гэж үзэж байна.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Оюунгоо, М.Энхтөгөлдөр
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
