Нүүр ам судлалын мэргэшигч эмч нарын дунд гепатит В вирусийн дархлаажуулалтын түвшинг судалсан дүн

Зохиогчид

  • П.Мөнгөнсүх АШУҮИС, НАСС, НАЭА-н тэнхим Зохиогч
  • Б.Батбаяр АШУҮИС, НАСС, НАМЗ-ын тэнхим Зохиогч
  • Б.Нямдэлгэр АШУҮИС, НАСС, НАЭА-н тэнхим Зохиогч
  • М.Эрдэнэбулган АШУҮИС, НАСС, НАЭА-н тэнхим Зохиогч
  • Д.Соёлмаа Туж дент Шүдний эмнэлэг Зохиогч
  • Г.Алимаа АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • М.Түмэннаст АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • Ш.Үүртуяа АШУҮИС, Ахисан түвшний сургууль Зохиогч
  • Ж.Дэлгэрцэцэг АШУҮИС, НАСС, НАЭА-н тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Вакцин, Серологийн шинжилгээ, Шүдний их эмч, Эсрэг биеийн титр

Хураангуй

Үндэслэл: Монгол Улс нь элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог бөгөөд тохиолдлын 95%-иас дээш нь гепатитийн В вирустэй холбоотой, эмнэлгийн мэргэжилтнүүд дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай субъект байдаг. Түүнчлэн Монгол улсад хийгдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн дундах ГВВийн халдварт өртөх эрсдэл болон дархлаажуулалтын судалгаанд шүдний их эмч нарыг хамруулсан бүтээл хомс байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Нүүр амны мэргэшигч эмч нарын дунд гепатит В вирусийн дархлаажуулалтын түвшинг судлах. Арга, аргачлал: Судалгааг ажиглалтын, аналитик судалгааны агшны загвараар ретроспектив чиглэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны зөвшөөрлийн хүрээнд хийж гүйцэтгэв. Бид 20252026 оны хичээлийн жилд Нүүр ам судлалын мэргэшигч эмчээр албан ёсоор бүртгэгдсэн, 76 мэргэшигч эмчийн цусны ийлдэсийн шинжилгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, гепатит В вирусийн халдвар болон дархлаажуулалтын түвшинг үнэллээ. Судалгааны тоон үзүүлэлтийн статистик боловсруулалтыг SPSS-27.0 программ ашиглан хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд нүүр ам судлалын 76 мэргэшигч эмч нарын мэдээлэл ашиглагдсан бөгөөд дундаж нас 28.5±6.2 жил, насны бүлгээр ангилахад 70% (53) нь 20-29 нас, 22.3% (17) нь 30-39 нас, 7.8% (6) нь 40-өөс дээш насны эмч нар (p<0.05) байлаа. Хүйсээр ангилахад 13.2% (10) нь эрэгтэйчүүд (p>0.05) байв. Судалгаанд хамрагдагсдын 97.4% нь ГВВ-ийн халдваргүй ба дундаж нас 28.2±5.3 жил (Медиан 27.0, IQR: 24.0–31.0) байсан бол 2.6% нь халдвартай эмч нарын дундаж нас 43.5±2.1 жил (Медиан 43.5, IQR: 42.0–45.0) буюу 40-өөс дээш насны бүлэгт ГВВ-ийн халдварын тохиолдол өндөр ба статистикийн хувьд ач холбогдолтой (Fisher’s exact test, p=0.05) байв. Судалгаанд хамрагдагсдын дунд ГВВ-ийн дархлаажуулалтад хамрагдсан нь 85.5% буюу 65 эмч байв. Дархлаа тогтцын түвшингээр ангилж үзвэл 29.2% (19) нь anti_HBs түвшин 10 ОУН/мл-оос бага буюу хангалтгүй, 24.6% (16) нь anti_HBs түвшин 10-99 ОУН/мл буюу сул, 46.2% (30) нь anti_HBs түвшин 100 ОУН/мл-оос дээш буюу хангалттай дархлаатай байсан бөгөөд дархлаа тогтцын түвшин насны бүлгээс хамаарч статистик ач холбогдолтой хамаарал ажиглагдаагүй (Fisher’s exact test, p=0.892). Дүгнэлт: Судалгаанд хамрагдагсдын дунд гепатит В вирусийн халдварын тархалт 2.6%, дархлаажуулалтад хамрагдалт 85.5%, Anti-HBs эсрэг биеийн титр 46.2%-д хангалттай түвшинд тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Нямдэлгэр, М.Түмэннаст, Ш.Үүртуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл