Маммографийн өөрчлөлтүүдийн хэв шинж ба BI-RADS үнэлгээний хамаарлыг судалсан нь
Түлхүүр үг:
Хөхний хорт хавдар, Хөхний дүрс оношилгоо, Шохойжилт, Эмнэлзүйн бүртгэл, Монгол УлсХураангуй
Үндэслэл: Монгол Улсад хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа хэдий ч эмнэлзүйн практикт маммографийн дүгнэлтэд ямар өөрчлөлт, ямар BI-RADS үнэлгээ тэмдэглэгдэж байгааг тодорхойлон үнэлсэн судалгаа хомс байна. Зорилго: Маммографийн бүртгэлд үндэслэн дүгнэлтэд тэмдэглэгдсэн өөрчлөлтийн ангилал, BI-RADS эцсийн үнэлгээний тархалтыг тодорхойлж, BI-RADS ≥3 үнэлгээ болон насны хамаарлыг судлах. Арга, аргачлал: Ретроспектив, аналитик агшингийн загвараар маммографийн шинжилгээний 773 бүртгэлд хоёрдогч шинжилгээ хийв. Хүн бүрийн хамгийн эхэнд бүртгэгдсэн шинжилгээг сонгож, 20–74 насны 733 эмэгтэйн өгөгдлийг статистик боловсруулалтад хамруулав. BI-RADS-ийн 3 ба 4 дүгээр ангиллыг нэгтгэн “BI-RADS ≥3” гэж тодорхойлоод, бүлгийн ялгааг Пирсоны χ2 тест, насны хамаарлыг логистик регрессээр тус тус үнэлэн, биеийн жингийн индексээр (БЖИ) тохируулсан загварыг өндөр, жин бүртгэгдсэн 258 эмэгтэйд үүсгэлээ. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 44.2±10.8 жил байсан ба маммографийн дүгнэлтэд өөрчлөлтгүй 28.4%, шохойжилт 20.1%, нягтралтай холбоотой өөрчлөлт 19.8%, бусад хоргүй бүтэц 16.0%-тай байв. BI-RADS 1, 2, 3, 4 дүгээр ангилал харгалзан 312 (42.6%), 342 (46.7%), 65 (8.9%), 14 (1.9%) эмэгтэйд тогтоогдсон бөгөөд BI-RADS ≥3 үнэлгээ 79 (10.8%; 95% ИИ 8.7–13.2) тохиолдолд тодорхойлогдсон нь насны бүлгүүдэд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (χ2=12.72; P=0.026). Нас 10 жилээр ахих тутамд BI-RADS ≥3 үнэлгээний магадлалын харьцаа 1.44 (95% ИИ 1.16–1.79; P=0.001) байсан бол, БЖИ-ээр тохируулсны дараа ч энэ хамаарал хадгалагдав (1.62; 95% ИИ 1.10–2.36; P=0.013). Дүгнэлт: 1. Нэг эмнэлгийн 733 эмэгтэйн маммографийн дүгнэлтэд өөрчлөлтгүй (28.4%), шохойжилт (20.1%), нягтралтай холбоотой тодорхойлолт (19.8%), бусад хоргүй/бүтцийн өөрчлөлт (16.0%) хамгийн түгээмэл байв. 2. Эцсийн үнэлгээний 89.2% нь BI-RADS 1–2, 10.8% нь BI-RADS 3–4 ангилалд хамаарч байсан бөгөөд BI-RADS 0 болон 5 дугаар ангилал бүртгэгдээгүй болно. 3. Нас 10 жилээр ахих тутамд BI-RADS ≥3 үнэлгээний магадлалын харьцаа 1.44 байсан ба энэ хамаарал БЖИ-ээс үл хамаарч байв.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: П.Төгсжаргал, Г.Дариймаа, С.Энэбиш
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
