Зүрхний архаг ишемитэй өвчтөнүүдэд антропометрийн зарим үзүүлэлт болон инсулины дөжрөлийн индексүүдийн харилцан хамаарлыг судалсан нь
Түлхүүр үг:
Бодисын солилцооны хам шинж, Төвийн таргалалт, Титэм судасны нарийсал, Зүрх-бодисын солилцооны эрсдэлХураангуй
Үндэслэл: Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байгаа бөгөөд 2022 онд ойролцоогоор 19.8 сая хүн нас барсан нь нийт нас баралтын 32%-ийг эзэлсэн байна. Инсулины дөжрөл нь зөвхөн чихрийн шижин хэв шинж 2 (ЧШХШ2)ийн эмгэг жамд төдийгүй зүрх судасны өвчин үүсэх, даамжрахад чухал нөлөөтэй механизмын нэг юм. Зүрхний ишеми өвчин (ЗИӨ)-тэй өвчтөнүүдэд зарим антропометрийн үзүүлэлт болон инсулины дөжрөлийн хоорондын хамаарлыг нэгэн зэрэг үнэлсэн судалгаа харьцангуй цөөн бөгөөд одоогийн нотолгоо хязгаарлагдмал байна. Зорилго: Зүрхний архаг ишемитэй өвчтөнүүдэд бүсэлхий-өндрийн харьцаа (WHtR) болон инсулины дөжрөлийн индекс (TG/HDL, HOMA-IR)-ийн хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Судалгааг эмнэлэгт суурилсан нэг агшингийн загвараар 40-75 насны 274 өвчтөнийг хамруулсан. Оролцогч тус бүрээс таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авсны дараа асуумжийн хуудсаар мэдээлэл авч, антропометрийн хэмжилт хийж, захын цуснаас сорьц цуглуулав. Лабораторийн шинжилгээгээр өлөн үеийн өөх тосны солилцоо, өлөн үеийн глюкоз, өлөн үеийн инсулин тодорхойлсон. Бүсэлхий-өндрийн харьцааг Бүсэлхийн тойрог(см)/ Өндөр(см) хэмжилтийн аргаар үнэлж, инсулины дөжрөлийг TG/HDL харьцаа буюу TG (ммоль/л)/HDL (ммоль/л) болон HOMA-IR томьёог ашиглан тодорхойлсон. Бодисын солилцооны хам шинж (БСХШ)-ийг Joint Interim Statement (JIS-2009)-ийн дагуу үнэлсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 274 оролцогчийн 209 (76.3%) эрэгтэй, 65 (23.7%) нь эмэгтэй, дундаж нас 61.1±7.9 жил байв. WHtR нь HOMA-IR-тай статистик ач холбогдол бүхий эерэг, сул–дунд зэргийн хамааралтай байв (Spearman’s ρ=0.303, p<0.001). Мөн WHtR болон TG/HDL-ийн хооронд сул боловч статистик ач холбогдол бүхий эерэг хамаарал илэрсэн (ρ=0.136, p=0.039). WHtR-ийн инсулины дөжрөлийг ялган таних чадвар дунд зэрэг байв (AUC=0.645, 95% CI: 0.562–0.729; p=0.001). Youden index-ийг ашиглан тодорхойлсон оновчтой босго утга 0.60 бөгөөд уг босго дээр мэдрэг чанар 63.2%, өвөрмөц чанар 64.2% байлаа. Олон хүчин зүйлийн логистик регрессийн шинжилгээгээр WHtR ≥0.60 байх нь инсулины дөжрөлтэй бие даан хамааралтай байв. Дүгнэлт: WHtR нь HOMA-IR болон TG/HDL-тэй статистик ач холбогдол бүхий эерэг хамааралтай байсан бөгөөд WHtR ≥0.60 нь инсулины дөжрөлтэй бие даан хамааралтай байв.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Чингэрэл, Б.Чимэглхам
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
