Гемодиализын эмчилгээний дэглэм баримтлах байдал, нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан дүн

Зохиогчид

  • Үүлэн (Wu Leng) АШУҮИС, СС, Суурь сувилахуйн тэнхим , БНХАУ, ӨМӨЗО-ы ШУТИС-ийн Бугат хотын Анагаах ухааны коллежийн Нэгдүгээр харьяа эмнэлэг Зохиогч
  • Г.Намуун АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим Зохиогч
  • Б.Анударь Медвик эмнэлэг Зохиогч
  • Ж.Ундармаа Медвик эмнэлэг Зохиогч
  • Ө.Алтанбагана Медвик эмнэлэг Зохиогч
  • Г.Ганхуяг АШУҮИС, СС, Суурь сувилахуйн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

ESRD-AQ, Шингэний хязгаарлалт, Хоолны дэглэм, Эмийн хэрэглээ

Хураангуй

Үндэслэл: Гемодиализ эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгчдийн хувьд эмчилгээний дэглэмийг баримтлах нь эмчилгээний үр дүнг хадгалах, хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Эмчлүүлэгч товлосон гемодиализ эмчилгээнд тогтмол хамрагдах, эмчилгээний тогтоосон хугацааг бүрэн дуусгах, эмийг зааврын дагуу хэрэглэх, шингэн болон хоолны дэглэмийг баримтлах шаардлагатай байдаг. Гэсэн хэдий ч эмчилгээний дэглэмийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрийн баримтлалт харилцан адилгүй байгаа нь бидний судалгаа хийх үндэслэл боллоо. Зорилго: Гемодиализ эмчилгээтэй эмчлүүлэгчдийн эмчилгээний дэглэм баримтлалт, түүнтэй холбоотой шалтгаан, хүчин зүйлсийг тодорхойлох. Арга, аргачлал: Гемодиализ эмчилгээ хийлгэж буй Улсын Нэгдүгээр болон Гуравдугаар төв эмнэлгийн “Медвик” диализын төвийн 260 эмчлүүлэгчийг хамруулан нэг агшингийн судалгаа хийв. Эмчилгээний дэглэм баримтлах байдлыг Бөөрний өвчний төгсгөлийн шатны эмчилгээний дэглэм баримтлах асуумжийн (End-Stage Renal Disease Adherence Questionnaire (ESRD-AQ)) монгол хувилбараар үнэлэв. Гемодиализ эмчилгээнд хамрагдалт ба эмчилгээний хугацаа, эмийн хэрэглээ, шингэний хязгаарлалт, хоолны дэглэмийн баримтлалт болон дэглэм баримтлахад тулгарч буй хүндрэлүүдийг үнэлсэн. Хүн ам зүй, эмнэлзүйн үзүүлэлтүүдийн бүлгүүдийн ESRD-AQ асуумжийн нийт онооны ялгаатай байдлыг t тест болон нэг хүчин зүйлийн дисперсийн шинжилгээгээр (one-way ANOVA) үнэлэв. Үр дүн: ESRDAQ асуумжийн нийт онооны дундаж 1093.37±99.04 байв. Оролцогчдын 92.3% нь гемодиализ эмчилгээг таслаагүй, 94.2% нь эмчилгээний хугацааг богиносгоогүй байв. Харин 57.7% нь шингэний хязгаарлалтыг “үргэлж” баримталж, 50.0% нь хоолны дэглэмийн зөвлөмжийг “үргэлж” дагаж мөрдсөн байна. Оролцогчдын дийлэнх нь эмчилгээний зөвлөмжийг маш чухал гэж үзсэн боловч шингэн болон хоолны дэглэмийг бодитоор баримтлах түвшин харьцангуй бага байв. Түгээмэл тохиолдсон хүндрэлд эмээ мартах (61.7%), шингэний хэрэглээгээ хянахад хүндрэлтэй байх (88.7%), хориглосон хүнснээс татгалзахад хүндрэлтэй байх (82.5%) зэрэг орлоо. ESRD-AQ асуумжийн нийт оноо хүйс, насны бүлэг болон хөдөлмөр эрхлэлтийн байдлаар статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв (р<0.05). Дүгнэлт: Гемодиализын эмчилгээний дэглэм баримтлах нийт түвшин харьцангуй сайн, эмчилгээнд ирэх болон диализын хугацааг бүрэн баримтлах байдал өндөр байв. Харин шингэний хязгаарлалт, хоолны дэглэмийг тогтмол баримтлах байдал сул байна. Түүнчлэн шингэний хэрэглээгээ хянахад бэрхшээлтэй, хориглосон хоол хүнснээс татгалзаж чадахгүй байх, эм уухаа мартах зэрэг асуудлууд тулгарч байна. Эмчилгээний дэглэм баримтлах нийт оноо нь хүйс, насны бүлэг болон хөдөлмөр эрхлэлтийн байдлаар статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл