АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг дэхь эмнэлгээс гарах төлөвлөлтийн хэрэгжилт, тулгарч буй бэрхшээлийг судалсан үр дүн
Түлхүүр үг:
Тасралтгүй хяналт, Тусламж, Үйлчилгээний шилжилт, Бодлогын зохицуулалт, Олон мэргэжлийн багХураангуй
Үндэслэл: Чихрийн шижин нь олон эрхтний хүндрэл, эмнэлэгт дахин хэвтэх эрсдэлтэй архаг өвчин бөгөөд эмнэлгээс гарах үеийн төлөвлөлт нь эмчилгээний үргэлжлэл, өөрийн хяналт, гэр бүлийн болон нийгмийн дэмжлэгийг уялдуулахад чухал. Монгол Улсад чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн эмнэлгээс гарах төлөвлөлтийн бодит хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг судалсан нотолгоо хомс байна. Зорилго: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн чихрийн шижингийн олон эрхтний хүндрэлтэй үйлчлүүлэгчийн эмнэлгээс гарах төлөвлөлтийн хэрэгжилт, үйл явц, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох. Арга, аргачлал: АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт хэрэгжүүлж буй эмнэлгээс гарах төлөвлөлтийн үйлчилгээг тохиолдол болгон сонгосон. Чанарын тохиолдлын судалгаанд зорилтот түүврээр сонгосон 7 мэргэжилтэн (эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хоол зүйч, дотоод шүүрлийн 2 эмч, чихрийн шижингийн нарийн мэргэшлийн сувилагч, эмнэлзүйн эм зүйч, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал) хамрагдав. Хагас бүтэцтэй ганцаарчилсан ярилцлага хийж, эмнэлгээс гарах төлөвлөлтийн дотоод журам болон олон мэргэжлийн багийн 3 хурлын протоколд баримт бичгийн агуулгын шинжилгээ хийсэн. Ярилцлагын мэдээллийг Braun ба Clarke-ийн зургаан үе шаттай тематик шинжилгээгээр боловсруулж, гурван эх сурвалжийн үр дүнг сэдэвчилсэн матрицаар харьцуулав. Ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2025 оны 9 дүгээр сарын (№25-26/01-02) шийдвэрээр авсан. Үр дүн: Шинжилгээгээр таван үндсэн сэдэв тодорхойлогдов: (1) эрсдэлд суурилсан олон мэргэжлийн хамтын ажиллагаа; (2) эрх зүй, бодлого, стандартын зохицуулалтын хийдэл; (3) санхүүжилт ба даатгалын хязгаарлалт; (4) хүний нөөц ба мэргэжлийн чадавхын хязгаарлалт; (5) эмнэлгээс гарсны дараах тасралтгүй хяналт, гэр бүлийн дэмжлэг. Эрсдэлийг үнэлэх, өндөр эрсдэлтэй тохиолдлыг олон мэргэжлийн баг хэлэлцэх практик баримтжсан боловч хурал тогтмол бус, шийдвэрийн хэрэгжилтийн хяналт жигд биш байв. Нэгдсэн эрх зүйн зохицуулалт, байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, эргэх холбоо дутмаг; төлбөртэй зөвлөгөө, асаргаа болон эм, хэрэгслийн хүртээмжийн асуудал үйлчлүүлэгчийн зөвлөмж хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байв. Ажлын ачаалал, мэргэшсэн хүний нөөцийн хүрэлцээ мөн саад болж, гарсны дараах хяналт тогтсон хугацаа, давтамж, тохиолдол хаах шалгуургүй байлаа. Журам, протокол, ярилцлагын 15 дэд сэдвийн харьцуулалтаар 6 нь таарсан, 8 нь харилцан нөхсөн, 1 нь зөрсөн нотолгоотой байв. Протоколын кейсүүд нь чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн тохиолдол биш, байгууллагын ерөнхий практикийг тайлбарлах нэмэлт баримт байв. Дүгнэлт: Монгол-Японы эмнэлэгт эмнэлгээс гарах төлөвлөлтийн үндсэн үйл явц, олон мэргэжлийн хамтын ажиллагаа бүрэлдсэн боловч эрх зүйн зохицуулалт, санхүүжилт, хүний нөөц болон гарсны дараах хяналт, байгууллага хоорондын уялдаа холбоо хангалтгүй байна. Иймд гарах төлөвлөлтийг эмнэлгээс гарсны дараах тусламж, гэр бүлийн дэмжлэгтэй уялдсан тасралтгүй үйл явц болгон хөгжүүлэх шаардлагатай.АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Сугармаа, Д.Мягмарцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
2026-10-30
Дугаар
Салбар хэсэг
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
