Артерийн гипертензитэй эмчлүүлэгчдийн эмийн талаарх ойлголт ба эмийн эмчилгээний дэглэм мөрдөлтийн хамаарлын судалгаа

Зохиогчид

  • Х.Адъяа АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Зохиогч
  • П.Мандахнаран АШУҮИС, Эм зүйн сургууль, Эм найруулагчийн тэнхим Зохиогч
  • С.Пүрэвсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Эмийн зохистой хэрэглээ, Эрүүл мэндийн боловсрол, Эм зүйн зөвлөгөө, Өөрийн үнэлгээ, Эмийн аюулгүй байдал

Хураангуй

Үндэслэл: Артерийн гипертензи нь зүрх судасны өвчлөл, нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2024 онд дэлхий дахинд 30–79 насны 1.4 тэрбум хүн артерийн гипертензитэй байсны зөвхөн 23% нь артерийн даралт нь эмчилгээний зорилтот түвшинд байжээ. Монгол Улсын 2019 оны үндэсний судалгаагаар 15–69 насны хүн амын 23.6% нь артерийн даралт ихсэлттэй, даралт бууруулах эм хэрэглэж байсан бол ДЭМБ-ын 2023 оны тайланд артерийн гипертензитэй 30–79 насны хүмүүсийн 26% нь артерийн даралтыг хянаж байгааг дурджээ. Артерийн даралт бууруулах эмийн эмчилгээний дэглэм алдагдах нь артерийн даралтын хяналтыг сулруулах эрсдэлт хүчин зүйл болдог. Монгол Улсад эмчлүүлэгчдийн эмийн талаарх ойлголт нь эмийн эмчилгээний дэглэм мөрдөлтөд хэрхэн нөлөөлж байгааг судалсан мэдээлэл хомс байгаа нь энэхүү судалгааны үндэслэл болсон. Зорилго: Артерийн гипертензитэй эмчлүүлэгчдийн эмийн талаарх ойлголт ба эмийн эмчилгээний дэглэм мөрдөлтийн хамаарлыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг 2026 оны 07–09 дүгээр сард Улаанбаатар хотын Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн даатгалын гэрээт эмийн сангуудаар үйлчлүүлсэн артерийн гипертензи оноштой, даралт бууруулах эмийг эрүүл мэндийн даатгалын жороор авсан 18 ба түүнээс дээш насны 165 эмчлүүлэгчдийг хамруулан аналитик судалгааны агшны загвараар гүйцэтгэв. Судалгааны түүврийн хэмжээг Кохраны томьёогоор 95%-ийн итгэх түвшин, p=0.5, алдааны хязгаар d=0.08 байхаар, судалгаанд оролцохгүй байх боломжит 10%-ийг харгалзан тооцсон. Мэдээллийг бүтэцлэгдсэн асуумжаар цуглуулж, эмийн эмчилгээний дэглэм мөрдөлтийг 5 шатлалт Лайкертын хэмжүүр бүхий 9 асуултаар үнэлэв. Сөрөг утгаар томьёолсон асуултуудын оноог урвуу кодлон, нийлбэр оноог 9–45 хооронд тооцсон бөгөөд өндөр оноо нь дэглэм мөрдөлт сайн байгааг илэрхийлэв. Эмийн талаарх ойлголтыг эмчлүүлэгчийн өөрийн үнэлгээнд үндэслэсэн 6 асуултаар үнэлж, нийлбэр оноог 6–30 хооронд тооцсон. Асуумжийн дотоод нийцэмжийг Кронбахын альфа коэффициентээр (Cronbach’s α) үнэлэхэд дэглэм мөрдөлтийн асуултад α=0.885, эмийн талаарх ойлголтын асуултад α=0.869 байв. Судалгааны өгөгдлийг дүрслэх статистикийн аргаар нэгтгэн, эмийн талаарх ойлголт ба эмийн эмчилгээний дэглэм мөрдөлт хоорондын хамаарлыг Спирмений эрэмбийн корреляцийн коэффициентоор үнэлэв. Дэглэм мөрдөлттэй холбоотой хүчин зүйлсийг олон хувьсагчийн шугаман регрессийн шинжилгээгээр үнэлэв. Статистикийн ач холбогдлын түвшнийг α=0.05 байхаар тогтоож, p<0.05 тохиолдолд үр дүнг статистикийн ач холбогдолтой гэж үзэв. Судалгааг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хурлын №2026/06-01 тоот зөвшөөрлийн дагуу гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдоос сайн дурын, мэдээлэлд үндэслэсэн зөвшөөрөл авч, мэдээллийн нууцлалыг хангав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 165 эмчлүүлэгчийн 71.5% (n=118) нь эмэгтэй, 28.5% (n=47) нь эрэгтэй, 60% (n=99) нь хавсарсан оноштой эмчлүүлэгч байлаа. Эмийн эмчилгээний дэглэм мөрдөлтийн нийлбэр онооны дундаж 30.87±7.37, эмийн талаарх ойлголтын нийлбэр онооны дундаж 21.99±4.02 байв. Эмийн талаарх ойлголтын 6 асуултаас эмийг тогтмол хэрэглэх шаардлагын оноо хамгийн өндөр (3.90±0.76), гаж нөлөөний талаарх ойлголт хамгийн бага (3.28±0.95) байлаа. Эмийн эмчилгээний дэглэм мөрдөлтийн 9 асуултаас артерийн даралт хэвийн болсон үед эмээ зогсоохтой холбоотой асуултын оноо хамгийн бага (3.12±1.30) байв. Эмчлүүлэгчдийн эмийн талаарх ойлголтын нийлбэр оноо болон эмийн эмчилгээний дэглэм мөрдөлтийн нийлбэр онооны хооронд статистикийн ач холбогдол бүхий сул эерэг хамаарал илэрсэн (ρ=0.320; p<0.001). Олон хувьсагчийн шинжилгээгээр эмийн талаарх ойлголтын оноо нэг нэгжээр өсөхөд дэглэм мөрдөлтийн оноо дунджаар 0.404 нэгжээр өндөр байв (B=0.404; 95% итгэх интервал 0.135–0.672; p=0.003). 18–34 настай бүлэгтэй харьцуулахад 65 ба түүнээс дээш насныхны оноо өндөр (B=5.814; p=0.001) байлаа. Артерийн даралт нь хэвийн түвшинд байгаа гэж хариулсан эмчлүүлэгчидтэй харьцуулахад даралт нь өндөр хэвээр байгаа гэж хариулсан эмчлүүлэгчдийн дэглэм мөрдөлтийн оноо 3.331 нэгжээр, даралтаа мэдэхгүй эмчлүүлэгчдийн оноо 4.016 нэгжээр тус тус бага байв (p=0.020; p=0.013). Дүгнэлт: Артерийн гипертензитэй эмчлүүлэгчдийн эмийн талаарх ойлголт нь эмийн эмчилгээний дэглэм мөрдөлттэй статистикийн ач холбогдолтой сул эерэг хамааралтай байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Мандахнаран

Татсан тоо

Нийтлэгдсэн

2026-10-30

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл