Хүүхэд сэгсрэх хамшинжийн талаарх ээжүүдийн мэдлэг, дадлыг үнэлэх
Түлхүүр үг:
Хүүхэд сэгсрэх хамшинж ээжүүд мэдлэг, дадалХураангуй
Үндэслэл: Хүүхдийг сэгсэрснээс үүдэлтэй тархины гэмтэл үүсэхийг хүүхэд сэгсрэх хамшинж (ХСХШ) гэнэ. Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн байдгаас гавлын ясыг бүрэн дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи гавлын ясыг мөргөж цохидог. Мөн тархины мэдрэлийн эсийн миелин бүрхүүл бүрэн гүйцэт хөгжөөгүй, нярайн толгой их биенээсээ хүнд, хүзүүний булчин сул хөгжсөн зэрэг онцлогоос хамааран сэгсрэх хамшинж тохиолддог. Сэгсэрснээс үүдэлтэй толгойн гэмтэл нь тархины цус харвалт, нүдний торлог бүрхэвчинд цус харвах, нуруу нугасны гэмтэл, саажилт, таталт, хэл яриа анхаарал төвлөрөлт муудах зэрэг хүндрэлийг үүсгэдэг учраас хүүхэд сэгсрэх хамшинжийн талаар ээжүүдийн мэдлэг, дадлыг үнэлсэн судалгаа байхгүй учраас цаашид эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулахад үндэслэл нотолгоо болох тул энэхүү судалгааны ажлыг хийх болсон. Зорилго: Хүүхэд сэгсрэх хамшинжийн талаарх ээжийн мэдлэг, дадал, нөлөөлөх зарим хүчин зүйлийг үнэлэх. Арга, аргачлал: ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 0-12 сартай 240 хүүхдийн ээжүүдийг хамруулан 3 бүлэг 39 асуумжийг авсан. Хүүхдийн сэгсрэх хамшинжийн талаарх ээжийн мэдлэгийг үнэлэхдээ 100%-иас тооцож 0-59% мэдлэггүй, 60100% мэдлэгтэй гэж үзсэн. Үр дүн: Хүүхэд сэгсрэх хамшинжийн талаарх ээжүүдийн мэдлэгийг үнэлэх судалгаанд 240 (дундаж нас 30.58±6.601) оролцогч хамрагдсан. Хүүхэд сэгсрэх хамшинжийн талаар ээжүүдийн мэдлэгийг үнэлэхэд 67.5% мэдлэг муу, 17.1% нь мэдлэг дунд, 15.4% нь мэдлэг сайн байв. Судалгаанд ороцогчдын 70% нь давтан төрөгч, 30% анхан төрөгч ээжүүд байсан. Дүгнэлт: Хүүхэд сэгсрэх хамшинжийн талаарх ээжүүдийн мэдлэг муу байна. Хүүхэд сэгсрэх хамшинжийн талаарх ээжүүдийн мэдлэг боловсролын түвшингээс хамаарч ялгаатай байна. Мөн давтан төрөгч ээжүүд, анхан төрөгч ээжүүдээс мэдлэгийн хувьд илүү байна. Ээжүүдийн дунд хүүхдээ сэгсрэх дадал их байна. Хүүхдээ сэгсрэх дадал нь тухайн ээжийн ХСХШ-ийн талаарх мэдлэгтэй шууд хамааралтай байна. Сэтгэлзүйн асуудалтай, сүүлийн 1 сарын хугацаанд стресст өртсөн ээжүүд хүүхдээ сэгсрэх дадал давамгайлж байна. Цаашид ээжүүдэд ХСХШ-ийн талаар, хэрхэн урьдчилсан сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг нэмэгдүүлж хүүхдийн тархины гэмтэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
